Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аян эхлүүллээ

2017 оны 04-р сарын 10 өдөр, 17 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol1

Өнөөдөр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлынг зохицуулах зөвлөлийн 2 дугаар хуралдаан Нийслэлийн замын цагдаагийн албанд боллоо.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо.  Хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов. Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирч байна. Тиймээс уг хурлаар Замын цагдаагийн албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн ажил үүрэгт нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

osol3

Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, 2 сарын аяныг зохион байгуулахаар баталлаа. Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх талд анхаарч үе шаттайгаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ.

Монгол улсад жил бүр зам тээврийн осол, хэргийн улмаас 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар бэртэж гэмтэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирч байгааг холбогдох байгууллагаас мэдээлж байна.

Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс  эхлэн зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах ажлыг зөвлөлийн хурлаар шийдэж байна. Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргасан. Зам тээврийн осол буюу судлаачдын дунд “чимээгүй дайн” гэж нэрлэгдсэн бодит аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнөөдрийн энэхүү төлөвлөгөөт 2 дугаар хуралдааныг зохион байгуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн шаардлага байдаг юм билээ. Хамгийн түрүүнд өндөр хариуцлага ногдуулдаг механизм үйлчилдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улсын хувьд торгууль, шийтгэлийг нэмэгдүүлсэн ч гэсэн дасан зохицох хэмжээнд хараахан хүрээгүй байна. Үүнд бид шат дараатай анхаарал хандуулж ажиллах учиртай. Мөн замын хөдөлгөөнд эмх замбраагүй оролцож буй жолооч нарт тавих хяналт, хүлээлгэх хариуцлага төдийлөн боловсронгуй биш учраас гэмт хэргийн тоо өсч байгаа юм. Тиймээс бид энэ талд анхаарч, үе шаттайгаар төлөвлөгөө боловсруулж ажиллах болно” гэлээ.

Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат  “2017 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөнд таатай байдлаар зорчуулах зорилгоор “Хариуцлага 3” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд иргэд гарцаар гарах таатай нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг өрнүүлэх төлөвлөгөөг боловсруулж өнөөдөр батлууллаа. Жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамнаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж хариуцлага тооцож ажиллана. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрэл дохиогоор гарах ёстой” гэв.

Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан: “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хариуцлага -3” аяны танилцуулга

Дэлхий дээр жилд 1,2 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтдэг гэсэн тоо нь Дэлхийн хэмжээний асуудал бөгөөд НҮБ-ын зүгээс 2010 оноос гэмт хэргийн осол, тэр дундаа зам тээврийн ослоор нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. 2007 онд осол хэргийн дуудлага 15,000 байсан бол өнөөдрийн байдлаар 94,000 болж 6 дахин өссөн байна.

Нийт дуудлагын 94,4 хувь нь Нийслэлд, 5,6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн математик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 6 дахин өсөх магадлалтай байна.

2017 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 404 бүртгэгдсэнээс нийслэлд 197 буюу 48,7 хувийг эзэлж байна. Мөн нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 25 нэгжээр буюу 9,1 хувиар буурсан байна.

2016 оны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэргийн улмаас 399 хүн нас барсныг замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл, Орон нутагт жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч голлон зам тээврийн ослоор нас барж байгаа бол нийслэлд 66% нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож яваад амь насаа алдсан байна.

2017 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн гэмт хэрэг улсын хэмжээнд 47 /үүнээс нийслэлд -19/ бүртгэгдэж, 13 хүүхэд /үүнээс нийслэлд -1/ нас барж, 34 хүүхэд /үүнээс нийслэлд -23/ гэмтсэн байна.

Нийт нас барсан хүний дотор хүүхдийн эзлэх хувь нь 16,4, гэмтсэн хүүхдийн эзлэх хувь 13,6 байна.

osol2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх