Хайрын соронз /Тууж-5/

2018 оны 03-р сарын 07 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hair

          ***             ***                ***             ***            ***

   Хамаг бие нь дагжин чичирч, хэл ам нь ээдрээд Хэнчбиш хаана байгаагаа, юу болоод байгааг ялгаж, салгах сөхөөгүй цаг хэртэй тэрийн хэвтжээ. Тоос даасан адар дээрээс дарчих гээд байгаа юм шиг санагдахад тэрбээр нүдээ тас анив. Харанхуйлах тэр мөч түүнийг бүр айдаст автуулав…Цаг шахам тэрийн хэвтсэн тэрбээр эхнэртэйгээ ярихаар шийдэн өндийж суулаа…

-Хүүхэд халуурч уйлагнаад байна. Хөхөндөө цадахгүй байгаа бололтой. Мөнгөө эгчээс бүгдийг сонссон. Чам руу ярих гэснээ зүрх хүрэхгүй байлаа… Аргаа барж суутал Ангираа ирээд явлаа… Шүрээг ингэж хэлэхэд Хэнчбишийн бүх бие арзайх шиг болов.

-Тэгээд… хэмээн арайхийн дуугарахад:

-Миний хань хүрээд ир. Ярих юм их байна. Чи их сайн найзуудтай хүн гэдгээ мэддэг үү… Цаадуул чинь ямар ч байсан энэ муухай явдлыг цайруулах арга хайж байгаа гэнэ… хэмээн эхнэр нь хэлэв. Энэ үед Хэнчбиш “Тэгвэл өчигдөр орой уулзахад ярьсан хэлсэн бүгд нь үнэн юм болов уу” хэмээн бодов…

    “Нүүрийг нь харж чадахгүй сууж байтал Олдох эхэлж ам нээсэн. Тэгээд намайг зэмлэж “Чи хүүхэд байхдаа хүртэл өгсөн ам тангаргаасаа няцдаг буцдаг байсны чинь хор энэ. Мөнгө юу юм бэ. Сэтгэл байхад бүх юм сайхаан гэж их хэлдэг дээ… гээд нөгөө лекцээ үргэлжлүүлсэн. Оогийгийн хэлсэн үг бүхэн тэгэхэд л ёстой орой руу орсон доо. Манай Цоохор угийн хамгийн сүүлд шахам дуугардаг зангаараа “Одоо ухаарч, ойлгоо байлгүй дээ. Юу хийсэн, хаана очих байснаа үүнээс илүү яаж ойлгоно гэж. Тэгэхээр олон үг хэлмээргүй байна, миний хувьд…”   гэснээ нэг их урт амьсгаа аваад:

-Одоо яах тухайгаа ярьсан нь дээр гэсэн. Амьсгал түгжигдээд хар хөлс цутгаад ямар аймаар байсан бэ. Нэг их уйлдаггүй хүн шүү дээ, би. Гэтэл нулимс урсаад… Яаж хичээсэн ч зогсоож чадахгүй зөндөө уйлсан. Нөгөө хоёр хүрлийчихээд таг дуугүй суугаад…

   Дотор онгойж үг ам хоёр эвлээд ирсэн шүү. Тэгээд би:

-Намайг уучлаарай. Их муухай юм хийлээ. Би их тэнэг хүн юм аа … гэж хэлээд бас дахиад уйлсан. Тэгээд:

-Хүүхдүүдийг олж бүгдийг эдгэрүүлсэн гэсэн, үнэн үү гэж асуусан. Ингэж хэлэхийг минь сонсонгуутаа Цоохор:

-Тэд амьд мэнд байгаа нь та нарт буян болж байгаа юм шүү хэмээн нэлээд хатуухан хэлээд авсан. Би толгой дохисон. Олдох бүхнийг эвлүүлж, аялуулж явдаг зангаараа:

-Тэр гишүүн, эмч хоёртой чинь уулзана. Шүрээ ч ирэх ёстой. Тэгээд тэр багтаж ядсан их мөнгөөр чинь хүүхдүүдэд орон сууц авч өгнө. Бас үргэлжлүүлэн хийх эмчилгээний зардлыг гаргуулна. Гэхдээ энэ бүх ажлыг та нараар хийлгэнэ. Яаж ам, гар чинь нийлж хөдөлсөн. Яг түүн шигээ маш богино хугацаанд хийх ёстой. Ингэж л нүгэл буяныг тэнцүүлье гэж бид нар ярьсан. Ганц боломж шүү, Хээк минь. Өөр чамтай ярих юм алга… гээд толгойгоо гэдийлгэн арагшаа налж суусан. Тэгтэл  Цоохор миний ээлж ирлээ гэсэн шиг:

-“Сансар” хорооллын хойд дэнж дээр байдаг нийтийн орон сууцнуудаас шинээр баригдсан 24 айлынхыг сонгосон. Эзэнтэй нь тохиролцсон Одоо мөнгийг өгөөд бичиг баримтыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхэд болно. Яахав, бид нар хүнлэг сэтгэлээр их олон талаас нь бодсоон. Тэгээд тэр зөөлөн суудалд дуртай гишүүн  байрны түлхүүрийг гардуулна… Түлхүүр өгөх бол бид нарт сонин биш. Эцсийн үр дүн, сэтгэлийн гүнд маань юу байна гэдэг л үр хүүхэд хойчийн амьдралд минь тусах гэрэл болдгийг чамайг ойлгож аваасай гэж бодсон доо, Хээк!… гээд харцаараа намайг ёстой нэг сүлбэсэн шүү…” Хэнчбиш ингэж бодсоор гэрийнхээ гадаа иржээ.

    Түүнийг гэртээ ороод хувцсаа тайлж амжаагүй байтал Гөлөгөө гишүүн ороод ирэв.  Нүд нь орой дээрээ гарах шахсан түүнийг хараад Хэнчбишийн уур оволзоод ирж. Энэ байдлыг анзаарсан Шүрээ хорвоод мэндлээд хоёрхон сар болж байгаа охиноо аавд нь өгөөд:

-Та ийшээ… гээд гал тогооны өрөө рүүгээ дагуулан оржээ.

    Олон хоног барааг хараагүй болоод тэр үү аль эсвэл аймшигт бодол, үйлдэл бүрийг бурхны булбарай мэдрэмжээрээ анзаарав уу гэлтэй охин нь бархиран уйлж бүр ээрч царай нь хөхрөөд иржээ. Хэнчбиш сандарч:

-Охиноо хөхүүлэхгүй юм уу… гээд эхнэрийгээ дуудав. Хаалганы нь хонх дуугарахад давхийн цочсон эр мөн л эхнэр рүүгээ “яахав” гэсэн харц илгээлээ.

   Гаднаас Мөнгөө эмч, Олдох, Цоохор гурав хамт орж ирлээ. Шүрээ ээрч, чарлах охиноо авах гээд гараа тосоод байгааг нь анзаарч чадахгүй Хэнчбиш энгэртээ тэврэн эв хавгүйхэн сэгсэчсээр байв.

Гадуур хувцсаа тайлж шидчихээд охиныг гараас нь булаах аятай авсан Олдох:

-Хүүе яасан муухай амьтан бэ… Яасан ууртай юм… За, за одоо тайвшраарай… хэмээн хэзээний туршлагатай, сайн эцгийн ааш намбаар энхрийлэн өхөөрдөхөд охин дуугүй болов. Хэнчбишид атаархах бас харамлах сэтгэл төрсөн хэдий ч охиныг нь аргадсан найздаа баярлаж, ширээний буланд байсан жижиг модон сандал дээр цомцойн суулаа…

   Цай аягалж, идээ тавьж өгсөн Шүрээ:

-Миний охин нааш ир … гээд гараа сарвайхдаа нөхрийгөө өрөвдсөн харцаар харжээ.

   Олдох ам нээлээ. Бусад нь үг дуугарсангүй. Цоохор бүгдийг тойруулан харж суухдаа:

-Бурхан яагаад бүгдийг ижилхэн зурдаггүй юм бол гэж их боддог байж билээ. Зурсан зургаас зөрж гишгэснээрээ л өөр өөр харагддаг юм байна. Одоо л ойлгож байна… хэмээн олзуурхангуй боджээ.

  Уулзалт тийм ч удаан үргэлжилсэнгүй. Уулзалт ч гэж дээ. Олдох, Цоохор хоёрын саналыг хүлээн зөвшөөрсөн Гөлөгөө, Мөнгөө, Хэнчбиш, Шүрээ дөрөв толгой дохисоор эцэст нь:

-Та нарт баярлалаа. Хүн чанараа хаана гээснээ мэдэхгүй өдий хүртэл явсан өгөр толгой би өөрийгөө харааж сууна. Надаас болж энэ олон хүн буруу, муу юм хийсэн. Мөнгө олохын тулд хужаа нарын тавьсан саналыг гүйцэлдүүлэх гэж тэр нялх амьтдыг эрэмдэглэсэн нүгэл хилэнцийг ганц хар толгойгоороо үүрэхгүй, энэ олон хүн чирсэндээ ичиж байна аа. Тэр хүүхдүүдийг эмчлэх, орон байраар хангах саналыг хүлээн авч байна… хэмээн Гөлөгөө арайхийн хэлээд суудал дээрээ муужирчээ. Эхнэр нь эмч мэргэжилтэй, тэгээд ч нөхрийгөө даралт өндөртэйн улмаас ингэдгийг мэдэх учраас эм уулгаж, үнэртүүлэгч хамарт нь ойртуулснаар эрхэм гишүүн төдий л удалгүй сэргэжээ.

 -Маргааш их сайхан барилдлагатай өдөр байна лээ. Орон сууцны үнэ 300 сая төгрөгийг одоо эзэнд нь өгөөд түлхүүрийг авч маргааш эрт хүүхдүүдийг байр руу нь нүүлгэж оруулъя.  Байрны тохижилт, тавилга сэлтийг хаанаас авахыг Хэнчбиш мэдэж байгаа, тийм ээ…  За, одоо шууд ажилдаа оръё.

   Та бидний цаашдын ажил үйлсийн зам мөр үргэлж цагаан байх болтугай… хэмээн Олдох хэлснээр бүгд  босч, гарцгаалаа…

                         ***               ***               ***                ***              ***

        “Библи” коллежид элсэн орсон Бархүү хичээлээ тарчихаад “Шинэ гэр” хотхонд очив… Хүүхдүүд шинэ байрандаа ороод, аль хэдийнэ тохижсон байлаа. Номын сан, жижиг боловч спортын хөөрхөн танхим, угаалгын газар… Чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын болон компьютерын өрөөтэй… Дутуу гэх юм үгүй мэт. Тэнд байгаа хүүхдүүдийг бүгдийг сургуульд хамруулжээ.

       Нүд нь гэрэлтээд, нүүр нь халтар биш харин ч галтай, цогтой байв. Бархүү: “Миний аав ёстой мундаг хүн.  Би их азтай шүү…  Эзэний хайр ивээлд багтсан учраас бид хоёрыг уулзуулж, аав, хүү хоёр болгож өгсөн…” гэж аавын минь хэлдэг үнэн… Энэ хүүхдүүд ч Эзэний хайранд багтсан азтай хүмүүс хэмээн бодсоор гэр рүүгээ алхлаа…

     -Өнөөдөр Цоогий ах ирнэ… гээд хүүхдүүд байраа цэвэрлэж хэрэндээ  бужигналджээ. Тэрбээр ажлаа амжуулж, дараа нь гэрээрээ орчихоод, эхнэр Бурмаатайгаа хамт  “Шинэ гэр” хотхонд  очив.

    Хүүхдүүдтэй сагс тоглож, хөлсөө гарган, алжаалаа тайлсан Цоохор тэр өдрийн хүмүүжлийн ажлын цагаар хичээл заах урилгын дагуу “Уулзалтын танхим”-д оржээ. Тэрбээр хичээл гэж цаас харж, элдвийн том онол эсвэл хий хоосон мөрөөдөл ярихаас зайлсхийж, өөрийн туулсан амьдралаас яриад, сонирхсон асуултад хариулав.

     – Манай Хэнчбиш сүмийн цуглаанд очдоггүй. Дандаа зугтаадаг хүүхэд байсан… Жон багш минь эрж хайсаар яваад нөгөөхийг чинь олоод ирнэ. Тэгээд:

-Чи битгий зугт… Эзэн чамайг харж байгаа. Чи зөвхөн Эзэнтэй цуг байгаач. Өөр хэн ч биш зөвхөн тэр хүн чамд тусална. Чамд сайхан амьдрах итгэл хайр илгээнэ…  гээд аргадна. Мань хүн яахав, толгой дохивч бүр чин зүрх, сэтгэлээрээ хүлээж авахгүй. Эхнээсээ л  Эзэнээс зугтсан хүн байгаа юм.

    Цоохорын яриаг сонсч суусан нэг хүү:

– Олдох ах бас Эзэний хүүхэд байсан уу… гэж асуув.

-Манай Оогий чинь угаасаа Бурхан багшийн хүү. Бурхан багшдаа итгэдэг учраас гандан хийд рүү гүйгээд явчихдаг байлаа. Ямар олон сайхан сургаалийг ярьж өгнө гээч. Тэр бүгд бас л Хээкийн чихний хажуугаар өнгөрч байсан . Бурханд хүрэх зам нь өөр ч очих цэг нь нэг. Тийм болохоор хүн заавал шүтэх, бишрэх, итгэх юмтай, түүнийгээ сахиж мөрдөхийн тулд хичээл зүтгэл гаргах ёстой гэж би боддог. Цоохор ингэж хэлээд бүгдийг тойруулан харж,зөөлөн, дулаан инээмсэглэлээрээ шагнав.               Түүний дэргэд суух Бурмаа  хайрын харцаар нөхрийгөө мялаан суухдаа “Би азтай. Миний хань хийморьтой хүн. Энэ бүгд үнэхээр Эзэний бэлэг…” хэмээн сэтгэлдээ талархах мөчид хөх нь ивлэж, сүү нь цамцыг нэвтлэн урсч ирэв…

     Хорвоод мэндлээд сар болж буй бага хүү нь хоолоо нэхэж байгааг эхэд ингэж дамжуулдаг энэ хорвоогийн уялдаа холбоо, зөн совин гэдэг үнэхээр агуу бус уу. Цоохор жил дараалсан тэрсхэн хоёр охинтой. Дээрээс нь Бархүү гэх хөөрхөн хүүтэй болсон.

-Голомт сахих хүүтэй болно… гэсэн түүний  тэмүүллийг хэн ч зогсоож чадаагүй.

    Эхнэрийг нь дахин хүүхэд төрүүлэхийг эмч нар  цааргалсан хэдий ч:

-Эзэн бидэнд тусална… хэмээн зүтгэжээ. Үнэхээр эхнэр нь ямар нэг зовиур саадгүй, эсэн мэнд амаржиж, Цоохор  нуган үртэй болжээ. Бага хүүдээ “Баярхүү” гэдэг нэр хайрлахдаа:

-Итгэл, сэтгэлийг гагнан барилдуулсан хоёр охин, хүч чадал, баяр жаргал бэлэглэж ирсэн хоёр хүүтэй боллоо. Бидэнд өөр юу хэрэгтэй гэж… хэмээн аз жаргалтай инээж, суух эр үнэхээр сэтгэлээрээ өгөөмөр, баян ажгуу.

   Хүний хорвоо тэр чигтээ хайранд бүүвэйлэгдэн уярдаг… Алтан нар адил бүхнийг уяраах хайр хүмүүнийг бие бие рүү нь соронз адил татах хүчтэй. Тэгэхээр агуу хайрын соронзонд татагдсан эхнэр,нөхөр, ээж, аав, үр хүүхэд бүгд нэгэн аз жаргалын хүрдийг хамтдаа эргүүлэх тавиланд төрдөг жамтай гэнэм…
Төгсөв

Ж.ДҮҮРЭНЖАРГАЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх