Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 18-р хэсэг

2019 оны 11-р сарын 24 өдөр, 19 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Олон жил уулзаагүй эх үр, амраг хосууд, ах дүү нар уулзалдсан болохоор тэдэнд ярих юм дэндүү их байлаа. Яаж яваад өдий болтол уулзалдаагүй, ямархан учралаар энд ингээд цугларчихав гээд. Одоо сургуулийн арга хэмжээ, үдэлтийн хүлээн авалт гээд Академаас зохион байгуулж байгаа бүхэн тэдэнд тийм чухал биш болж ирэв. Орой эцэг эхчүүдэд зориулсан амралтын өрөөнд Тэмүүлэнгийн гэр бүлийнхэн, мөн Төгөлдөрийн эхнэр хүү бүгд цугларлаа. Билгүүдэй санаанд оромгүй тохиолдлоор гэнэт ахтай болсондоо баяртай байгаа бололтой үе үе Учирал руу харан инээд алдана.

Харин Учирал хэдийгээр Халиунааг ээжээ гэж хүлээн зөвшөөрч чадсан ч, өнөөдөр тохиолдсон бүх л үйл явдал нэг л зүүд зэрэглээ шиг санагдаж энэхүү сонин хувь заяатайгаа бүрэн дүүрэн эвлэрч чадахгүй байв.
Тэнд цугларсан бүгд л Халиунааг чухам юу ярих бол гэсэн шиг чих тавин дор бүрнээ юм бодсон байдалтай сууцгаана. Халиунаа ч энэ байдлыг мэдсэн юм шиг хэсэг чимээгүй суусанаа.

“Би том хүү Учиралыгаа төрүүлээд удаагүй байхдаа энэ оронд ирж байлаа. Бараг ой ч хүрээгүй жаахан хүүгээ тэврээд хүний нутагт учраа мэдэхгүй ирэхэд Тэмүүлэн надад их тус хүргэсэн. Амьдралд дөнгөж хөл тавиад л алдаж онож эхэлсэн надад хэцүү бэрх, шантармаар үеүд зөндөө байсан. Нэг удаа санамсаргүй байдлаар,… санамсаргүй ч гэж дээ, миний л бас буруу сонголтоос болж, хүү маань Тэмүүлэнтэй хэсэг хугацаанд амьдарсан юм. Энэ үед Тэмүүлэнгийн ээжийн бие гэнэт муудаж Монгол руугаа буцах болоход хүүгээ ээжид нь орхих гэсэн боловч би гэдэг хүн утсаа салгаад усанд хаясан чулуу шиг хэд хоногоор алга болчихсон байсан болохоор надтай холбогдож чадалгүй Учиралыг аваад нутаг руугаа явсан байлаа.

Хэрвээ Тэмүүлэнгээс өөр хүн байсан бол тэр үед эхнэр хүүхэд дээрээ очих гэж байж, хаа хамаагүй хүний хүүхэд тэврээд очих зориг зүрх гаргаж чадахгүй, энд хэн нэгэн дээр, ямар нэгэн газар хүүг минь орхиод л явах байсан биз ээ. Гэвч Тэмүүлэн дэндүү сайхан сэтгэлтэй болохоор ямарч саад бэрхшээлээс шантрахгүй өөрийн үр хүүхэд шигээ санан, миний хүүг тэврээд явсан байдаг. Ийм л сайн хүнтэй, сайн аавтай учирсан болохоор хүүгээ амьдралдаа алзахгүй, эрх танхилхан өсөж торнино гэдэгт хэзээ ч би эргэлзэж байгаагүй ээ. Тэмүүлэн маань Учиралд яг л өөрийнхөө хүү шиг хандан хайрласнаас гадна хүү маань ч гэсэн түүнд дасан ижилсэж байгааг би мэдэрч байсан юм.

Нэгэнт хүүгээсээ холдсон би гэдэг хүн ганцаардан гуниглаж, өөрийгөө буруутган зүхэж, учраа олохгүй үймэрч явсан үеүд надад бий. Ингэж явах үедээ хүүгийн минь буян заяа түшсэн үү гэлтэй санамсаргүй байдлаар гэнэт чамлахааргүй их мөнгөтэй болчихсон. Ингэж нэлээдгүй мөнгөний бараа харсан цагаас амьдралд маань маш том өөрчлөлтүүд гарч ирж байлаа. Одоо энэ ханьтайгаа учирч, сургууль соёлд орж, бизнес хийж юм юмны зах зухтай болсон. Бүгдийг нэг мөр жигдэлчхээд монгол руугаа очиж хүүгээ авна даа, гэж бодож явсаар нэг л мэдэхэд дахиад хоёр хүүтэй болж амьдрал маань цааш үргэлжилсэн.

Залуу цагт өөрийгөө зөв л юм хийж явна хэмээн бодож андуурч алдаа гаргаж явснаа сүүлд л ухаарсан. Энэ нь Төгөлдөртэй анх суухдаа хүүтэй гэдгээ түүнд хэлж зүрхлээгүй явдал юм. Амьдралдаа алдаж онож яваа бүсгүй хүн дахиж алдахаас айсандаа тийм шийдвэр гаргасан нь тэр. Гэвч эцсийн эцэст үнэнийг хэлэх өдөр ирсэн. Би дөнгөж Төгөлдөртэй гэрлэхдээ хүүтэй гэдгээ хэлсэн бол энэ минь надад үнэхээр хайртай л юм чинь хүлээн зөвшөөрч, хүүг минь хажуудаа авчрах байж дээ, тэгээд хамтдаа элэг бүтэн аз жаргалтай байх байж гэдгийг сүүлд л ойлгосон. Гэвч юм бүхэнд цаг хугаца гэж бий.

Учиралдаа хоёрын хоёр дүү гаргачихсан, Учирал маань ч ээж аавдаа дасчихсан байх тэр үед нь хүүгийнхээ сэтгэл санааг үймүүлээд, Тэмүүлэн, Жаргал хоёроо ч зовоогоод яах билээ гэж бодсон. Албатай юм шиг хүүгээ өсгүүлчхээд, том болсон хойно нь одоо би хүүгээ авлаа гэж хэлээд ямар нүүрээрээ очих билээ. Ингэж явсаар л өнөөдрийг хүрчихлээ. Ийм л үеүдэд Тэмүүлэн над руу нэг л удаа залгаад хүүгээ ирж ав, гэж хэлсэн бол би хэзээ ч гүйгээд очиход бэлэн байсан шүү.

Надад Учиралынхаа тухай бодоогүй, түүнийг санаагүй өдөр гэж байгаагүй. Эх хүний зөн совингоор ч тэр юм уу, удахгүй хүүтэйгээ уулзах юм шиг санагдаж, ойрын үед сэтгэл гэгэлзээд байсан юм. Хавраас Монголдоо очоод заавал хүүтэйгээ уулзана гэж зүрхлэн бодож байлаа.

Ингэж л учрах тавилантай байж. …ТА НАРААСАА УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА ….ТЭР ТУСМАА ЖАРГАЛААС….. Хэн нь мэдэгдэхгүй бүсгүйгээс, таньж мэдэхгүй хүүхэд тэврээд ирэхэд нөхрийгөө уучлан ойлгож, хүүг минь өөрийн үр шигээ санан, ийм сайхан ханагар том залуу болтол нь өсгөн хүмүүжүүлж, хайр энэрлээр дутаагаагүй чамд маш их баярлалаа. Бас намайг уучлан ойлгоорой” гэж хэлэнгээ түрүүнээс хойш нүдийг нь бүрхэж байсан нулимсаа урсган байж, хажуудаа суугаа Жаргалыг тэврэн чимээгүйхэн мэгшин уйллаа.

Жаргал ч бас түүнийг тэврэн, мөр мөрөө түшиж хэсэгхэн зуур уярал хайрын нулимс унагаад, тайвширч гэрэлтсэн нулимстай нүдээр бие биенээ харан инээмсгэллээ.

Хэдийгээр тэдний нүдэнд нулимс цийлгэнэж байсан ч үр хүүхдийнхээ хувь заяагаар холбогдсон эх хүний уучлан ухаарах их хайраар зүрх сэтгэл нь сүлэгдэн байсан юм. Энэ цагаас эхлээд энэ ээжүүд хэзээ ч салахын аргагүй хүйн холбоотой боллоо гэдгээ хэн хэн нь дэндүү сайн ухаарч байв.

Ээжүүдийг ингэж уяран хайлж байх хооронд ах дүү хоёр улам дотносон ярилцаж, Төгөлдөр Тэмүүлэн хоёр ч учир байдлыг ойлгон олон зүйлсийг ярьж амжив.

Маргааш хүүхдүүдийнхээ сургалт дуусгаад буцахдаа Тэмүүлэн, Жаргал хоёр ч Чикаго орж Төгөлдөрийнхөөр зочлон илүү сайн дотносон нөхөрлөж, Учирал Билгүүдэй хоёрын бага дүүтэй танилцахаар болов. Мөн Халиунаа ч гэсэн гэр бүлийнхээ хамт ирэх зунаас Монголдоо ирж үр хүүхдүүдээ хоорондоо учран золгуулахаар шийдэцгээв. Халиунаа ч мөн Учирал хүүтэйгээ аминчхан яриа өрнүүлж суух зуураа түүний чихэнд дараа духтай уулзахдаа төрсөн эцэг нь ямар хүн байдаг талаар ярьж, хэлж өгөхөө амлаж амжсан байлаа.

Тэднийг ийнхүү дотносож суухад Анужин ээжтэйгээ өрөөндөө элдвийг хөөрөлдөн ярилцаж сууна. Сарнай Анужинд хандан,

-Аавын чинь найз Тэмүүлэнгийн хүү энэ сургуульд сурдаг юм байна. Өдөр бид тааралдсан шүү дээ. Тэр өндөр бор хүүгийн нэр хэн гэлээ гэж асуухад, Анужин,

-Аан, Учирал уу, аав нь манай аавтай найзууд байсан юм уу. Ямар нэгэн юм болоод байх шиг л байсан. Гэхдээ би сайн ойлгоогүй ээ. Учирал чинь айлын өргөмөл хүүхэд юм биш үү. Өдөр Билгүүдэйгийн ээж миний хүү гээд л царай нь сонин болоод байсан. Учирал Билгүүдэй хоёр чинь ах дүү юм биш үү ээж,… би тэгж л бодлоо. Тэгээд хоёр хүүхэд нь яаж яваад энд ирчихдэг байна аа. Ээж нь хүүгээ огт харж байгаагүй юм шиг л олон хүний нүдэн дээр сүйд болоод л байсан. Харин аавын найз юм бол та сайн мэдэх юм биш үү гэж гайхсан өнгөөр ээжээсээ асуухад нь,

-Цэлмэг Тэмүүлэн хоёр багадаа их дотно найзууд байсан гэж аав чинь ярьдаг байсан юм. Харин Тэмүүлэн залуудаа Америк яваад нэлээд олон жил болоод Монголдоо ирсэн болохоор ээж нь сайн танихгүй. Тэгж явахад нь л энэ хүү нь гарсан юм болов уу даа. Би тэгж л ойлголоо. Аав чинь л энэ талаар сайн мэдэж байгаа байх. Ээж нь очиж байгаад ааваас чинь асууна аа. Тэмүүлэн аавыг чинь аваарт орсны дараагаар хэд хэдэн удаа манайд ирсэн. Тэр үед л би танилцаж байсан юм. Тэгээд дараа нь ажил төрөл нь ч болоогүй юм уу, аав чинь ч эмчилгээнд Солонгос яваад өгсөн. Тэр үеэс бараг үзэгдэхээ больсон.

Харин өнөөдөр энд ингэж таарна гэж бодсонгүй сонин юм аа. Аав чинь нэг удаа Тэмүүлэнг их олон охидтой гэж ярьж байсан санагдана, тэрнээс хүүтэй гэж сонсоогүй. Сүүлд эхнэр нь нэг хүү төрүүлсэн талаар хальт дуулж байсан юм байна, хэнээс сонссоноо харин санахгүй байна. Гэхдээ энэ хүү нь чамтай насаар бараг ойролцоо байрын юм. Америкт эхнэрээсээ хол олон жил амьдарч байхдаа л “золиг” чинь энэ хүүхэнтэй учир ургуулж л дээ. Тэгээд л сая хүү нь гарч ирээд бөөн юм болсон байх” гэж гайхаж сониучрахсан өнгөөр хэлэхэд нь , Анужин ,

-Ээжээ,… би танд нэг нууц хэлэх үү, одоохондоо битгий аавд хэлээрэй санаа нь зовчихно. Тэр таны таньдаг гээд байгаа хүний хүү Учирал надад их талтай сайн байдаг юм. Харин би Билгүүдэйтэй үерхэж байгаа. Илэн далангүй чөлөөтэй тун дажгүй залуу, гэж хэлэнгээ их л нухацтай харцаар ээж рүүгээ юу хэлэх нь үү гэсэн байртай харахад,

-Уг нь Тэмүүлэнгийн аав ээжийг их сайн хүмүүс байсан гэж аав чинь ярьдаг байсан. Удам сайтай л айлын хүүхэд. Тэгээд ч аавын чинь багын найзын хүүхэд, нүдэнд дулаахан сайхан залуу байна лээ. Нэг л хүнтэй их адилхан харагдаад байсан. Аавыг нь таньдаг болоод л тэгж харагдаад байж дээ. Харин тэр Билгүүдэй гээд байгаа дэрчгэр шар залуу ч дээ, ээжийгээ дуурайсан нэлээн хөдөлгөөнтэй нэгэн бололтой.

За тэгээд миний охин өөрөө л мэдэхгүй юу даа. Сургууль соёлоо төгсөөгүй байж юу юугүй, янз бүр болчихож болохгүй шүү, хэмээн санаа зовсон байдалтай хэлэхэд нь,

-Билгүүдэй Америкт төрж өссөн хүүхэд, тийм болохоор тэр ч юм уу, их чөлөөтэй сэтгэдэг, бие даасан, дайчин зан чанартай юм шиг надад санагдсан. Харин Учирал болохоор цаанаа л нэг учир битүүлэг, үг дуу цөөнтэй, байнга л юм бодож явдаг, нэг тийм сонин залуу. Гэхдээ таны хэлсэн зөв байж магадгүй, их хүн чанар сайтай юм шиг надад санагдсан. Ер нь тэгээд ч би ямар аль нэгэнтэй нь суух гэж байгаа биш дээ. Та санаа зоволтгүй шүү. Охин нь ямар ч байсан сургуулиа төгсөж байгаад болно. Тэгээд ч энэ сургууль чинь суралцаж байх явцдаа хүнтэй суух, хүүхэд гаргахыг хориглодог юм байна лээ шүү дээ, гэж хэлэнгээ инээд алдахад, Сарнай,

-За тэр ч арай үгүй байлгүй дээ, ээжээрээ тоглоом хийгээд, …гэхдээ л ийм хариуцлагатай албанд зүтгэж, тусгай бэлтгэл сургуулилттай суралцаж байгаа сонсогч нар чинь тодорхой дүрэм журамд захирагддаг байлгүй дээ. Ээж нь охиндоо итгэж байгаа болохоор санаа зовохгүй байна аа, гэж хэлэнгээ хажууд нь суух охиныхоо мөрөөр нь тэвэрч энгэртээ наагаад, яг л нялх багынх шиг нь үсийг нь үнэрлэн эрхлүүлэв.

Үдийн нар хэдийн мишилзэн цухуйх үед Сарнай хөвөн цагаан үүлсийн дунд бодол бэлчээн, эх нутгийн зүг тэнгэр эзэгнэх мөнгөн хөлгөөр дүүлэн нисэж явав.

Охинтойгоо уулзан учирч эх хүний зүрх сэтгэлийн цангаагаа тайлан ундаалж чадсан тэрээр ханьдаа, хүүдээ очихоор яаран догдлон сууна.

Тэдэндээ охиныхоо тухай, суралцаж буй сургуулийнхан талаар, найз нөхөд, амьдарч буй орчин, үзэж харсан бүгдээ дэлгэн ярихаар бодлоо цэгцэлж байв. Энэ бодол дотор Тэмүүлэн түүний хүү Учирал, гэнэт учран золгож гайхшралыг нь төрүүлсэн Халиунаа гэгч бүсгүйн тухай ч багтсан байгаа.

Харин энэ бүгдийг түүний нөхөр Цэлмэг хэрхэн хүлээж авахыг,… энэ бүх зүйлс, учир битүүлэг ээдрээтэй асуудлын гол эзэн нь…. түүний хань гэдгийг Сарнай мэдэх нь бүү хэл зүүдлээ ч үгүй яваа нь энэ ээ..

Төгөлдөр Халиунаа хоёр өөрсдөдөө тохиолдсон сонин хачинг бага хүүдээ дуулгахаар яаран догдолж явав. Олон жил шаналсан сэтгэл нь сая л нэг амарч дээ гэлтэй Халиунаагийн царай цаанаа л гэрэлтэй, аз жаргал дүүрэн харагдана. Төгөлдөр жолооны ард өмнөх замаа ширтэн явах зуураа Учиралын тухай бодсоор л явлаа. Тэрээр эхнэртээ хандан,

-Ингэхэд хө, Учиралын аав нь гэж ямар хүн байна аа, би уг нь энэ Тэмүүлэнг гэж бодож явсан юм. Тэгээд эцэг нь хүүгээ авч дээ гэж санасан. Гэтэл эцэг нь биш гэдгийг сая нүүр тулан уулзалдахад чинь л ойлголоо. Чи минь миний хань байж, өнгөрсөн амьдралаа яагаад ингэтлээ надаас нууж явсан юм бэ, хэмээн гайхаж эргэлзсэн нүдээр их л нухацтай асуухад нь Халиунаа,

-Миний хань одоо үүнд гомдоллоод яах вэ дээ. Эмэгтэй хүн гэдэг чинь ер нь өнгөрснөө тэгтлээ дэлгэж яриад байдаггүй юм шүү дээ. Тэгээд ч би чамдаа ерөнхийд нь бол ойлгуулсан. Нэгнийхээ сэтгэлд юм хийгээд яах билээ гээд нарийн ширийн бүгдийг тоочоод явсан удаагүй ээ. Сэтгэл дотроо л хадгалж ирсэн юм. Залуу насанд юу эс тохиолдох билээ. Ханьдаа итгэхгүй муу санаалж явсандаа тэр биш шүү. Өмнөх амьдралаа дэлгэж өөр хүний тухай тэгтлээ яриад яах билээ дээ гэж л бодсон юм. Ер нь тэгээд Учиралын эцэг гээд байгаа тэр хүн тийм сайн хүн байгаагүй.

Дөнгөж сургуулиа төгссөн би хотод ирээд, учраа олохгүй явахдаа эхнэр хүүхэдтэй хүнд сэтгэл алдарчихсан юм. Гэхдээ намайг тэр хүн хүчээр үр хүүхэдтэй болгочихсон юм биш л дээ. Би л өөрөө хүүхдээ гаргана энэ тэр гэж байгаад хүүгээ төрүүлсэн. Хүүхэдтэй болчихвол энэ хүн надтай сууна гэж, ахархан бодолдоо хөтлөгдсөн нь тэр. Одоо түүнийг буруутгаад ч яах билээ. Тэгээд ч чамтайгаа учирсан болохоор гомдож өсөрхсөн сэтгэл минь аяндаа зөөлөрсөн гэхэд нь Төгөлдөр,..

-Тэмүүлэн үнэхээр сайн залуу юмаа, эхнэр нь ч гэсэн хүлээцтэй, ухаантай байрын хүүхэн харагдана лээ. Ямар ч хамаагүй хүний хүүхдийг өсгөж өндийлгөн, өөрийн үр хүүхэд шигээ хайрлаж өдий зэрэгт хүргэж шүү дээ гэж бодохоор бахархах сэтгэл төрмөөр.

Гэхдээ би ч гэсэн эр хүн шүү дээ, чи минь надад үнэн байдлаа арай эртхэн хэлсэн бол би ойлгож, хүлээн зөвшөөрөөд хүүгээ дүү нартай нь хамт өсгөж болох л байсан шүү дээ. Харин ч надад сайхан байх байлаа. Ийм олон зүйлийг надаас, энэ олон жил нууж явсан гэж бодохоор чинь даанч гомдмоор шүү хэмээн цаанаа л эгдүүцсэн, цөхөрсөн өнгөөр хэлэхэд нь Халиунаа,

-Миний хань одоо энэ бүгдэд гомдож тунирхаад яах вэ. Би чамд огт дуулгаагүй биш зах зухаас нь хэлж л байсан шүү дээ. Энэ амьдралд, тэр тусмаа хүний нутагт өдий насандаа чи бид хоёр сайн муу олон л зүйлийг үзэж өнгөрөөсөн. Магадгүй надаас ч гэсэн нууж явдаг зүйл чамд байхыг үгүйсгэхгүй, хэн нэгэндээ итгээгүйдээ биш, хэн нэгнийхээ сэтгэлд юм хийчих вий гэж бодож явах тохиолдол бий шүү дээ хэмээн аргадах учирлахын завсараар хэлээд инээмсэглэхэд нь Төгөлдөр,…

-Надад ёстой тийм юм байхгүй шүү, харин ч би чамаас юугаа ч нуудгүй гэж итгэлтэйхэн хэлсэн ч сэтгэл дотроо бол “ би ч ханиагаа нэлээд хэдэн удаа хуурч, саваагүйтэж явсан үе ч бий нь ч бий шүү, азаар энэ маань мэдээгүй л болохоос” гэж санах зуураа Халиунааг анзаарчих вий гэсэн шиг бодлоо хурдхан сарниулж

-За энэ дэмий яриа ч яах вэ, өнгөрсөн явдал одоо хэнд хамаатай гэж. Чи минь хүсэн хүлээсэн хүүтэйгээ уулзлаа. Хөвгүүд маань ч ахтайгаа уулзаад сайхан байх болов уу гэхэд нь, Халиунаа толгой дохин инээмсэглэв. Тэрээр машины цонхоор эргэн тойрныг харан хэсэг чимээгүй юм бодож явснаа,

“Ийм адилхан байх “ гэж хэмээн өөрөө өөртэйгөө яриад байна уу, гэмээр аяархан хэлэхэд нь гайхсан Төгөлдөр,

-Ийм адилхан гэдэг нь юу гэсэн үг вэ , хэмээн гайхан асуулаа.

Учирал аа , …аавтайгаа яг л усны дусал шиг гэж хэлэхээр адилхан юм. Ер нь айлын дагавар, эцэг эх нь салсан, айлд өргүүлсэн хүүхдүүд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг , эцэг эхээ илүү дуурайсан байдаг гэж ярьдаг. Үнэн ч юм шиг санагдчихлаа. Цэлмэгтэй үнэхээр адилхан юм. Ярьж, хөдөлж, бүүр инээж байгаа нь хүртэл шүү. Бидний болж бүтэхгүй алдаанаас болж үр хүүхдүүд л зовох юм даа. Муу хүүгээ зөндөө л зовоосон хүн дээ би. Одоо харин нэгэнт уулзаж учирсан болохоор боломж гарвал хүүтэйгээ ойрхон байх юм шүү. Уулзан учирч, дүү нартай нь танилцуулж дотносуулна.

Тэмүүлэн, Жаргал хоёр дургүйцэхгүй байх гэж бодож байна. Би Тэмүүлэнгийн эхнэрийн талаар арай л буруу ойлголттой явж байсандаа санаа зовчихлоо. Нүдэнд дулаахан сайхан ч бүсгүй юм. Хүү минь надтай уулзахгүй гэвэл яана даа, ээж нь ч гэсэн дургүйцэх вийдээ гэж яг үнэндээ хааяа айдаг байсан. Гэтэл санасанаас ч ухаантай эмэгтэй юм.Төгөлдөр,

-Харин тийм ээ хө, нөхөр нь өөр хүүхнээс нялх хүүхэд тэврээд ирэхэд хүлээн зөвшөөрөөд өсгөж өгсөн гэж бодохоор, хэр баргийн эмэгтэйгээс гарах ухаан биш. Тэгээд ч бидний өнгөрсөн амьдралд үр хүүхдүүд маань ямар буруутай гэж. Хэдэн хүүхдүүд минь хэн хэндээ ханьтай аштай байх вэ дээ. Бид ямар мөнх биш. Одоо Билгүүдэй дээрээ ирэхдээ Учиралтайгаа бас уулзаж байх нь байна шүү дээ, сайхан байгаа биз дээ хань минь гэж хэлэнгээ, Халиунааг тэврэн энгэр лүүгээ татаж эрхлүүлэн үнслээ. Халиунаад тааламжтай байгаа бололтой инээд алдсанаа, биеэ цэгцлэн эгцэлж суугаад,

-Ханийгаа жолоо барьж явахад саад болоод яах вэ, гээд суудлаа тэгшлэх зуураа одоо ч бараг хоёулаа замынхаа талыг авчихлаа даа, хэдхэн цаг давхихад л хотын зах руу орлоо шүү дээ гэж хэлэнгээ цонхоор эргэн тойрныг ажиглан харж явлаа.

Учирал тангаргын баяр дээр авхуулсан зурагнуудаа үзэж сууна. Тэрээр урьд өмнө нь олон удаа төрсөн ээжтэйгээ хэрхэн уулзах талаар төсөөлөн бодож байсан. Гэтэл ингэж санамсаргүй байдлаар гэнэт таарна гэж зүүдэлж ч яваагүй. Хэдийгээр өөрийг нь өсгөж, хүмүүжүүлээгүй ч төрсөн эх минь шүү дээ гэж бодохоор уулзах хүсэл сэтгэл дотор нь ямагт байсан. Төрсөн эцгийнхээ талаар ч нэлээдгүй боддог байв. Ямар хүн байдаг бол. Яагаад намайг өөрсдөө авч болоогүй юм бол, царай төрх нь надтай төстэй болов уу, бие хаа, зан аашаараа би хэнтэй нь адилхан бол гэж хааяа бодох.

Гэтэл төрсөн ээжтэйгээ уулзаад яг өөрийнхөө төсөөлж байсан шиг, хайр энэрэл, халуун дулааныг санасандаа хүртэл мэдэрч амжсангүй. Нэг л гэрэвшээд, тэгтлээ ойрхон байж чадсангүй. Тэгээд ч төрүүлсэн нь л үнэн болохоос хайрлан халамжилж, өсгөн өдий зэрэгт хүргэсэн ээжийг нь яаж гүйцэх билээ дээ. Хүнийг зөвхөн тээж төрүүлэхээс гадна, хайр энэрлээр дутаахгүй өсгөж зөв хүн болгоно гэдэг юу юунаас илүү хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл болохыг илүүтэй ойлгон мэдэрч байв.

Магадгүй нэг л өдөр Учирал ч гэсэн өөрөө аав болно. Тэр л үед алдаж эндэхгүй, үр хүүхдээ хайрлан өсгөхийн ухааныг амьдралын энэ адармаатай тавилангаас илүү сайн ойлгон суралцаж байх шиг өөрт нь санагдаж байв. Юугаар ч дутаагаагүй , тэр тусмаа хайр халамжаар дутаалгүй өсгөсөн аав ээж, эгч дүүдээ Учирал хязгааргүй их хайртай. Гэхдээ ингэж төрсөн дүү, төрүүлсэн эхтэйгээ учран золгож, бие биеэнээ мэдэж, ойлгож чадсан нь баяртай сайхан үйл явдал байлаа.

Тэрээр уулзалтын дараагаар Төгөлдөрийн гэр бүлийнхэнтэй хамт авхуулсан зургаа хараад юм бодож суух зуураа, “намайг яг л Цэлмэг болжээ гэж дахин, дахин хэлээд байсан. Тэр Цэлмэг гэдэг хүнтэй хэзээ би бас учран золгох юм болдоо. Хэдийгээр намайг үр хүүхдээ гэж санаа тавьж, сүйд болоогүй ч гэсэн. Нэгэнт л би тэр хүний мах цусны тасархай нь болж төрсөн нь үнэн болохоор дүр төрхийг нь нэг харчих юмсан гэж бодогдох л юм. Надад тийм ч муу байгаагүй юм шиг санагддаг . Амьдралын эрхээр л болж бүтээгүй байх. Учир нь их үнэ цэнэтэй, удам дамжиж ирсэн эд хөрөнгөө надад өвлүүлж үлдээсэн байгаа юм даа. Үл тоомсорлож, үр минь гэж тоож ч хараагүй бол юу гэж тийм гэрийнхээ үнэтэй цайтай эд хөрөнгийг надад гэж өгөх билээ дээ. Тэр ‘ягаан гартааман’ хөөрөгний талаар аав маань тоймтой юм яриагүй ч, ер нь бол их үнэтэй эд шүү гэдгийг нь хэлж өгсөн.

Гэхдээ ямар учиртайг нь асуухад өгсөн эзэнтэй нь уулзахаараа сайн асуугаарай миний хүү гэснээс өөр юм хэлээгүй юмдаг. Бусад юман нь дээр ер тэгдэггүй мөртлөө хөөрөгний талаар ярих аав маань их дургүй, яагаад тэгдэг юм бол доо. Магадгүй тэр хөөргийг харахаар би өөрийнх нь хүүхэд биш гэдгийг илүүтэй мэдэрдэг ч байж болох юм. Эсвэл өөр эвгүй дурсамж байдаг юм болов уу. Миний аав ямар эд хөрөнгөнд тэгтлээ шунан дурлаад байдаг хүн биш дээ, янз бүрийн юм асууж аавыгаа зовоогоод яах вэ дээ” хэмээн элдвийг бодож суулаа. Учиралын бодлыг сарниах гэсэн юм шиг гаднаас Билгүүдэй орж ирэв.

-Ах аа, манай нөгөө хэд ирээгүй байгаа юм уу,..танай хичээл ийм эрт тарчихаа юу “ тэрээр Учиралыг өөрийн ах гэдгийг мэдсэн цагаас ингэж дуудах болсон бөгөөд хоорондоо их дотно байцгаах болжээ. Билгүүдэйгийн бага зэрэг онгироо хөнгөн зан нь ч өөрчлөгдөө юу гэлтэй, тогтуун тайван болж ирэв. Ахтай байх нь түүнд таалагдсан бололтой. Учиралыг хүндэтгэсэн, цаанаа л ойр дотно өнгөөр харьцаж байв. Тэгээд ч зогсохгүй асууж шалгаах, харилцан ярьж ойлголцох зүйл тэдэнд дэндүү их байлаа”. Учирал,

-Манай хичээл өнөөдөр нэлээн эрт тарсан. Тэр хэд ингэсгээд ирэх байхаа. Золбоот жаахан оройтоно гэсэн гэхэд нь, Билгүүдэй ариун цэврийн өрөө орж гараа угааж ирээд, дүрэмт хувцсаа нэг солих гэснээ болиод Учиралын ширээний хажууд, түүний хийж байгаа зүйлсийг сонирхон зэрэгцэж суулаа.

-Ингэхэд та, өдрийн хоолоо идсэн юм уу гэж асуухад нь Учирал,

-Идсээн, харин чи хоолоо цайгаа ууж амжаа юу гэж асуухад нь Билгүүдэй,

-Би сая замаараа орж хоолоо идчихээд ирлээ. Бас Анужингийн хичээл тарсан бол уулзах санаатай тэдний салбараар орсон чинь, дуусах болоогүй байгаа гэнэ. Та ямар зургнууд үзэж суугаа юм бэ, бид нарын тангаргын баярын зураг дажгүй гарсан байна лээ шүү гэж хэлэнгээ компютер лүү нь дөхөж суухад Учирал,

-Харин дажгүй гарсан байна. Сая л тухтай үзлээ гэж хэлэнгээ, Билгүүдэй тэдний ээж аавтай хамт авахуулсан зургаа гаргаж харуулвал, Билгүүдэй түүн лүү харж,

-Ингэхэд бид огт санаандгүй байж байгаад нэг эхийн хүүхдүүд болчихлоо шүү дээ гээд инээхэд нь Учирал

-Харин тийм ээ, ёстой санамсаргүй юм боллоо. Чи тэгээд намайг чиний ах болсонд дургүй байгаа юм биш биз дээ гээд дооглонгуй инээхэд нь Билгүүдэй угийн сэргэлэн цовоо зангаар,

-Би яагаад дургүй байна гэж, харин ч гэнэт ахтай болчихдог азтай эр юм. Дахиад бас нэг эгч энэ тэндээс гараад ирэх юм биш байгаа гэж хэлээд хоёулаа их л хөгжилтэй байгаа бололтой инээлдэв. Учирал

-Энэ ээж аавууд нэрээ алдаг хүмүүс юмаа, тэгэхэд бид хоёр тэрийг нь мэдэхгүй, энд нэг дор амьдарцгааж байдаг. Ах дүү хоёрын хооронд ямар нэгэн юм болсон бол яах байсан юм бол гэхэд , Билгүүдэй

-Харин тийм, жишээ нь та бид хоёр чинь хоёулаа Анужин гээд нэг бүсгүйд хөл алдаад байгаа биз дээ гээд инээд алдахад, Учирал,

-За хөл алдах нь ч юу юм бэ, чи л цаадахтайгаа сүрхий байгаа биз дээ. харин надад бол хамаатай биш шүү гэхэд нь, Билгүүдэй түүн лүү огцом том харсанаа,

-Зүгээр байгаарай ах гуай, өөрийг чинь харцаа салгаж чадахгүй байгааг анзаарсан шүү гэхэд, Учирал,

-Одоо дүүгийхээ сүйт бүсгүйгээс хол байна аа, санаа зоволтгүй гэж хэлээд тэд хөгжилдөн инээлдэх зуур Билгүүдэйгийн гар утас дуугарч Халиунаа гэртээ сайн явж ирсэн талаар хүүдээ дуулгав. Тэгээд мөн ахтайгаа дотносож, эвтэй найртай байхыг сануулан учирлаж захив. Билгүүдэй өрөөсөн гартаа  утсаа барьсан чигээрээ

-Та санаа зоволтгүй ээ, том ах бид хоёр яг энэ талаар ярилцаж байлаа. Та том хүүтэйгээ бас ярих юмуу гээд тоглоом шоглоом хийх зуураа утсаа Учиралд өгөхөд,

Учирал , “за би ч юу ярих билээ дээ” гээд гараа татсанд утсыг Билгүүдэй Учиралын гарт атгуулж орхив. Халиунаа Учиралд хандан,

-Сайн уу, миний хүү аав ээж нь нутагтаа сайн явж хүрсэн гэнэ үү. Миний хүү ээжтэйгээ холбоотой байгаарай, та хоёр чинь нэг эхийн хэвлийгээс цуварч төрсөн үрс шүү дээ. Бие биендээ түшиг тулгуур болж яваарай миний хүүхдүүд, ээж нь та нартаа хайртай шүү гэхэд нь,

Учирал анх удаа ярьж байгаа болохоор тэрүү, эсвэл огт мэдэхгүй өссөн эмэгтэй гэнэт ээж нь болоод санаа тавиад унасанд эгдүүцсэн үү, ямартай ч баахан сандчин түгдэчсэнээ,

-Аав ээж сайн явж байгаа гэсэн, маргааш орой гэхэд Монголдоо очих байхаа гэснээ, өөр юм асуучих вий дээ гэсэн шиг утсаа бушуухан Билгүүдэйд өглөө. “Халиунаагийн захисан асуултанд …за ээжээ, ..гэж хариулах гэсэн боловч ам нь нэг л эвлэж өгсөнгүй. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам илүү ойр дотно болж, Учирал Халиунааг ямар ч эргэлзээгүй, итгэлтэйгээр …ээжээ гэж …түгдэрэлгүй хэлж чадах бизээ.

Сарнайг Цэлмэг том хүү Чингүүнийхээ хамт онгоцны буудал дээрээс тосож авав. Сарнай хүүгээ тэвэрч үнсэн, ханьдаа үнсүүлсээр тэд уулзалдцгаалаа. Цэлмэг Сарнайгаас

-За тэгээд охин минь сайн байна уу, тангаргын баяр нь хэр болов доо гэж асуухад, Сарнай

-Охин сайн байна лээ. Цаадах чинь угийн сэргэлэн болохоор санаа зовох зүйлгүй тэндээ дасаад, аятайхан байна. Тангаргын баяр нь сайхан боллоо. Харин та хоёр минь яаж шуухан байв даа. Аавын чинь бие гайгүй байсан биз дээ, Миний хүүгийн ажил төрөл нь сайн уу гэж Сарнай хүүгээсээ асуухад, Чингүүн,

Бид хоёр давгүй ээ, аав хааяа эмнэлэг рүүгээ явчихаад л….Зурагнаас харахад сургууль нь их л том харагдсан. Ямаршуухан юм байна гэж ээжээсээ асуухад Сарнай,

-Анужин та хоёрыг ирсэнгүй гээд жаахан дурамжхан байх шиг байсан. Бусдаар бол зүгээр. Сургууль соёл нь ч гэж үнэхээр бахархмаар сайхан юмаа. Удахгүй ашиглалтанд орох манай нисэхийн сургууль нэг тиймэрхүү болох байх гэж найдаж байна. Маш том цогцолбор сургууль. Олон ч орноос оюутнууд ирж сурдаг гэнэ. Манайхаас нэлээн олон оюутнууд тус сургуулийг төгсөж Америкийн нисэх хүчинд алба хааж байгаа юм байна. Ирэх жилээс манай нисэхийн сургуульд тэндхийн багш нараас ирж хичээл заахаар болсон гээд л Анужин ярьж байна лээ гэхэд нь, Цэлмэг,

-Нэр хүндтэй, сайн сургуульд охиноо сургаж байгаадаа баяртай байна хань минь, ашгүй дээ чи минь охинтойгоо уулзаж, сайхан юм үзэж харсан бол. Нэлээд ядрав уу, гайгүй юу гэхэд, Сарнай,

-Ядрах нь гайгүй ээ, гэхдээ л хэдхэн хоносон мөртлөө гэрээ их саначихлаа гээд инээхэд Цэлмэг ,

-Тэгэлгүй яах вэ, хөгшин минь олон цагаар онгоцонд явсан юм чинь ядарсан биз. За бүгдээрээ явцгаая гэсээр онгоцны буудлаас гарч машиндаа сууцгаав. Чингүүн жолоо бариж Цэлмэг Сарнай хоёр яриагаа үргэлжлүүлсээр гэрийн зүг хөдөлцгөөлөө. Цэлмэг,

-Охин минь хоол ундандаа сайн байна уу, тусгай цэргийн зохион байгуулалттай сургууль гэсэндээ дүрэм журам нь хатуу юм уу, гээд л эхнэрээсээ сонин хачин сонсохсон гэхээс байж ядаж байгаа бололтой асуултуудыг ар араас нь угсруулан тавьж байв. Сарнай,

-Охин маань бага зэрэг турсан байна лээ, гэхдээ гайгүй . Өглөө болгон цугларалт, дасгал гээд хэрэндээ амаргүй байдаг байх. Харин хоол ундандаа бол дажгүй сайн байна лээ гэхэд нь, Чингүүн тэдний ярианд оролцож,

-Ээжээ, та гоё бичлэг зөндөөг хийж ирсэн биз дээ. Дүүгийн сургуульд тэгээд монгол сонсогчид хэр их байдаг юм байна гэж асуухад,

– Энэ жилийн шинэ элсэлтээр арваад монгол оюутан авсан гэсэн. Тангаргын баяр нь их сүртэй болдог юм билээ. Олон арван онгоцоор баярын нислэг хийгээд л, орон орноос ирсэн төгсөгчид, багш нар, шинэ сонсогчид гээд бүгд л ёслолын хувцастай. Бүх зүйл нь л электрон системд шилжчихсэн. Ая тухтай байдал ч гэж гайхмаар, сонсогчид нь их тохилог, чөлөөтэй амьдардаг юм байна. Би бичлэгнээс гадна, зөндөө зурагтай ирсэн та хоёр үзээрэй. Харин манайхаас эмэгтэй оюутан их цөөхөн харагдсан. Эрэгтэй сонсогчид бол нэлээдгүй байна. . Нээрээ сониноос хань минь чиний багын найз гээд байдаг Тэмүүлэнгийн хүү тэнд сурдаг юм байна гэхэд, Цэлмэг гайхсан янзтай,

-Ямар Тэмүүлэн. Манай арван жилийн ангийн Тэмүүлэн үү, тэдний бага хүү чинь оюутан болох арай болоогүй баймаар юмаа гэхэд нь, Сарнай,

-Манай Анужинтай ойролцоо хүү байдаг юм биш үү, нисэхийн инженерийн ангид сурдаг гэсэн байхаа. Нэг өндөр бор хүү байна лээ. Тэмүүлэнтэй би тэнд тааралдсан юм. Тэгээд л мэдэж авлаа гэсэнд, Цэлмэг гайхаж тээнэгэлзсэнээ,

-Тийм үү, цаадах чинь уг нь гурван охинтой, сүүлд эхнэр нь нэг хүү гаргасан гэж ярьж байсан. Тэр хүү нь арай л бага баймаар юм даа, тэгээд манай Анужинтай цуг сурдаг хэрэг үү, Тэмүүлэн бид хоёр ч багадаа салдаггүй хоёр байсан даа. Хүүхдүүд маань ч гэсэн бас нэг сургуульд сурч таардаг. Тэгээд хаа хол Америкт шүү. Сонин юм. Сүүлийн хэдэн жил цаадахтай чинь уулзаагүй. Өвдөж зовоод ирэхээр хүн ер нь зугтаадаг юм байна лээ, хэмээн цаанаа л найздаа гомдож явдаг бололтой дурамжхан өнгөөр хэлэхэд нь, Сарнай,

-Тэмүүлэн сая тангаргын баяраар нь хүү дээрээ эхнэртэйгээ очсон байна лээ. Хүү нь насаар тийм бага харагдаагүй ээ. Манай Анужинтай л ойролцоо байх. Тэгсэн тэр яах вэ хө,… сонин юм болоод, гээд л их сүрхий юм хэлэх гэж байгаа бололтой нүдээ гурвалжилж ирээд л Цэлмэг рүү харахад нь Цэлмэг,

-Юу нь сонин гэж, арай хүү нь манай Анужинтай холбогдчихсон юм биш биз дээ. Уг нь Тэмүүлэн ч удам сайтай л айлын хүү дээ, гэхдээ хүн мундсан биш, тэнд тэгж таараад байх даа яах вэ дээ, охинтойгоо нэг яръя байз гэхэд нь Сарнай ,

-Чи байз л даа юуг нь ч мэдээгүй байж, өөр юм яриад унах юм. Охин тэр хүүг өөрт нь гайгүй байдаг гэж ярьж байсан. Гэхдээ өөр залуутай үерхдэг юм билээ. Чи минь санаа зоволтгүй. Харин тэр хүү нь Тэмүүлэнгийн өргөмөл хүү болж таарсан. Чамд ер нь хүүхэд өргөж авч байсан энэ тэр гэж ярьж байгаагүй юу гэхэд нь, Цэлмэгийн царай барайж, цаанаа л нэг юм санасан бололтой хачин болсноо,

-Юун өргөмөл хүүхэд, цаадахад чинь тийм хүүхэд байхгүй. Америкаас ирээд надтай хэд хэд уулзахдаа тийм юм л лав яриагүй дэг. Бага хүү нь байлгүй дээ. Миний хань яагаад өргөмөл гэж бодоо вэ хэмээн нэлээн цочирдож гайхсан янзтай асуухад нь, Сарнай

-Үгүй ээ, хөгшөөн… хөгжилтэй юм болоо доо. Нэг хүүхэн нэрийг нь Халиунаа гэсэн байхаа,…гэж хэлэх зуур өмнө сууж явсан Цэлмэгийн шилэн хүзүүгээр нь ямар нэг зүйлээр татаад авах шиг санагдаж, тэр чигтээ хөшсөн мэт сонин болж орхив. Тэрээр цааш хэрэгт дурлаж олон юм асуух чадал ч байсангүй,..энэ ер нь юу л ярих гээд байна даа гэсэн байртай чимээгүйхэн гөлийж суув.

-Тэр хүүхэн Тэмүүлэнгийн хүүг “миний хүү, миний хүү минь” гээд л сүйд болоод байсан, урьд өмнө нь уулзаж байгаагүй, анх удаа уулзаж байгаа юм шиг. Би бодохдоо тэр Тэмүүлэн чинь Америкт олон жил болсон гэсэн тэнд байхдаа л тэр хүүхэнтэй хамт амьдарч байсан байх. Гэнэт хүүхэд нь гарч ирээд, Тэмүүлэнгийн хувьд бас нөгөө хүүхэнтэйгээ уулзаагүй байсан юм уу, бас сайн мэдэхгүй ээ…. нэлээн л юм болоод байх шиг байсан. Би ямар хүний мууд дурлаад бүгдийг асууж шалгаагаад байлтай нь биш. Олон ч хүмүүс байсан тэгсгээд өнгөрсөн. Анужингаас асуусан сайн мэдэхгүй байна лээ. Миний охин ч юугаа мэдэх билээ дээ. Тэр хүүхний хүү бас тэнд сурдаг бололтой гурвалжин, дөрвөлжин л юм болоод байгааг анзаарсан. Тэгээд л чиний найз болохоор сонирхуулж байна гэхэд нь, Цэлмэг, бараг шивгэнэх төдий дуугаар, үгээ арай ядан зөөж байна уу гэлтэй, ээрч муурсан хоолойгоор

-”ТЭР ХҮҮГ НЬ УЧИРАЛ ГЭЖ БАЙНА УУ “ хэмээн асуулаа. Нөхрийнхөө нэг л хачин байгааг анзаарсан Сарнай чи хүүг нь таньдаг юм уу. Тийм ээ, Учирал гэсэн байх аа. Анужин нэг тийм нэр хэлээд байсан гэхэд, Цэлмэг юу ч дуугарсангүй. Салганан чичрэх гараа нэгийг нь нөгөөгөөрөө бариад, самсаа өөд шархираад ирсэн нулимсаа арай гэж тогтоон Сарнай , Чингүүн хоёрыг ажиглачих вий дээ гэж санаа зовсондоо хий дэмий цонх руу ширтэн явлаа. Нөхрөө нэг л хачин болоод байгааг ажигласан Сарнай,

-Яасан миний хөгшин бие нь зүгээр үү, царай чинь нэг л сонин болчих чинь, би олон юм яриад ядраачихав уу. Өнөөдөр даралтны эмээ уусан юм уу, хурдхан гэртээ харьцгаая даа. Энэ элдэв дэмий яриаг дараа болъё гэж хэлэнгээ Чингүүнд хандан,

-Аавынхаа даралтны эмийг авч гарсан юм уу, нэг л зовуурьтай бие нь сул байх шиг, намайг эзгүйд өвдөж зовоогүй биз дээ гээд санаа нь зовсон байдалтай асуухад, Чингүүн

-Аав уг нь гайгүй л байсан шүү дээ, таныг хараад баярлаад жаахан хямарсан байхаа гээд чимээгүй болов.

Цэлмэг машины цонхоор урсан өнгөрөх замыг ширтэн явах зуураа “МИНИЙ ХҮҮ УЧИРАЛЫГ ТЭМҮҮЛЭН АВСАН БАЙХ НЬ ЭЭ. Тэгээд өсгөж хүмүүжүүлсэн хэрэг үү. Гэтэл би эцэг нь шүү дээ, найзууд байтлаа, надад яагаад хэлсэнгүй вэ….Даанч Халиунаагийн тухай ярих гэхээр өөр зүйл яриад явчихдаг байсан. Нэг хүн дагаад Америкт үлдсэн, сайн мэдэхгүй байна гээд надад тоймтой юм хэлдэггүй байсан. Намайг аваарт орсны дараа хэд хэдэн удаа ирсэн ч, сүүлдээ үзэгдэхээ больсон. Бие тааруу болохоор л зангаа хувиргаж байгаа юм байх даа гэж бодож явснаас энэ талаар төсөөлж ч байгаагүй юм байна.

Найз минь эр хүн шиг байхгүй дээ. Үгүй тэгээд би ямар өөрөө эр хүн шиг байсан биш дээ. Хоёр хүүхний дунд учраа олохгүй мунгинаж явахад Тэмүүлэн л надад тус болсон. Ингэхэд тэгээд яаж яваад энэ хэдэн хүүхэд нь тэр сургуульд бас ярилцсан юм шиг орчихдог байна аа. Халиунааг энд буцаж ирсэн гэж ер сонсоогүй. Тийм болохоор хүүгээ ээжтэйгээ Америкт л байгаа байх гэж бодож явдаг байлаа.

Гэтэл миний хажууханд, тэгээд бүр багын найзын маань гэрт, миний үр удам өсөн торниж байсан байна шүү дээ. Харин ч би Тэмүүлэнд баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Ямрыг нь үл мэдэх хойд эцгийн гар харуулахгүй, найз минь миний хүүг өсгөсөн юм биш үү. Хүний амьдралаа гэж ээдрээ зангилаатай, учир битүүлэг байх юм даа. Энэ бүгдийн гол буруутан нь би шүү дээ.

Ингэхэд сая Сарнай юу гээд байлаа. Тэр хүү нь манай Анужинд гайгүй юм шиг байна лээ ч гэх шиг. Яах нь энэ вэ, учир байдлыг зангилааг би өөрөө л тайлахгүй бол хүүхдүүд минь хоорондоо сууж балрах вий дээ гэж бодох зуур өөрийгөө үзэн ядах, залуу насандаа хийсэн алдаандаа харамсах, харамсаад зогсохгүй хүн шиг явж чадаагүйдээ өөрөө өөртөө гутарч байв.

Гэсэн ч өөрийнх нь мах цусны тасархай болсон үр хүүхэд нь сайхан том залуу болоод бусдын адил сурч боловсорч явааг сонсоход бахархмаар ч юм шиг, чухам яахаа мэдэгдэхгүй олон ээдрээт бодлууд цээжийг нь дарж хөндүүрлэн өвтгөж байв. Эхнэртээ бүх үнэнийг өвдөг сөхөрч суугаад ч хамаагүй яримаар байвч, тийм зүрх зориг даанч өөрт нь дутаж байгааг дэндүү сайн мэдэж байлаа.

Гэвч үнэнд ялагдах өдөр ойртож байгааг анзаарч байсан юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.27.***)
    2019/11/26 10:19

    bayrlalaa

    (0) (0)