Энэтхэгийн 15 настай Рамандип Сингх гэдэг хүү гар буу барьсан сельфи зургаа дарах гэж байгаад өөрийгөө буудсан хэрэг гарсан тухай Их Британийн “Sky news” телевизийн сувгийн мэдээнд дурджээ. Тэрээр амьд үлдсэн хэдий ч эмч нар түүний амийг аврахаар тэмцэж байна. Цагдаа нарын ярьснаар, сурагч хүү эцгийнхээ гар буугаар тоглож байх үед ийм харамсалтай хэрэг явдал болсон бөгөөд “Сумтай бууг ил хадгалж байсан хохирогчийн эцэг юуны түрүүнд буруутай” хэмээн цагдаагийнхан ярьжээ. “Скай ньюс” телевизийн сувгийн мэдээлснээр, Энэтхэг улсад залуучууд өөрийн цахим хуудсандаа бусдын анхаарлыг гойд татсан зураг байрлуулахыг ихэд хичээх болсонтой холбоотойгоор иймэрхүү хэрэг явдал олонтоо гарах болсон аж. Ялангуяа төмөр замаар галт тэрэг дөхөн ирж байх үед селфидэх гэсэн оролдлого сүүлийн жилүүдэд олон удаа гарах болсонтой холбоотойгоор Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн эрх баригчид төмөр зам дээр селфи зураг авах гэж оролдсон тохиолдолд хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан байна. Тухайлбал зөвхөн Агра хотын дүүрэгт төмөр зам дээр хагас жилийн дотор 15 хүн амь насаа алджээ.