УИХ-ын дарга З.Энхболдын “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

2016 оны 06-р сарын 09 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
 “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хэдхэн жилийн өмнө дэлхийн улс орнуудын гадаад худалдаа эрчимтэй өсөж, ялангуяа ашигт малтмал, эрдэс, түүхий эдийн зах зээл урьд өмнө байгаагүй хурдтайгаар тэлж байсан. 2009-2012 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 3 дахин, нүүрс, алтны үнэ 2 дахин өссөн. Тэр үед эдийн засагчид баян, ядуу орны хөгжлийн ялгаа тун удахгүй арилах юм байна, ер нь энэ их өсөлт зогсохгүй юм байна гэдэг маш өөдрөг төсөөлөлтэй байсан. Монгол Улс ч энэ төсөөлөл, энэ хэмнэлд хэт итгэсэн. Алт, зэс, нүүрсээ байнга тэнгэрт тулсан үнээр зараад байх юм шиг бодож төлөвлөлтөө хийж байв. Хятад Улсын аж үйлдвэр Монголын түүхий эдээр хэзээ ч ханаж цадахгүй юм шиг, олон арван жилийн турш худалдан авсаар байх юм шиг  өөдрөг төсөөлөлтэй байсан.
Гэвч, түүнээс хойш удалгүй дэлхийн эдийн засаг хаа сайгүй унаж эхэлсэн. Үүнийг дагаад бидний экспортолдог гол түүхий эд зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, газрын тосны үнэ огцом унасан. Сүүлийн 4 жилд зэсийн үнэ 40 хувь, нүүрсний үнэ 3 дахин унаад байна. Түүхий эдийн үнийн уналтыг дагаад уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татарсан. Tүүхий эдийн үнийг монголчууд бид унагаагүй ч гэлээ, нийт эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгож орхисон нь бидний олон жилийн эдийн засгийн бодлогын алдаа байсан юм. Энэ дөрвөн жил биш, үүний өмнөх найман жилийг хамааруулж хэлж байгааг Та бүгд мэдэж байгаа байх.
Дэлхийн зах зээл дээр эрдэс, түүхий эдийн үнэ унаж эхлээд байсан 2012 онд бидний өмнө том сонголт тулгарсан юм. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дахин өсөхийг хүлээгээд зүгээр суух уу, эсвэл хямралыг сөрөн, бүтээн байгуулах замаар эдийн засгаа олон тулгууртай болгож, ирээдүйн хөгжлийн суурийг тавих уу гэдэг салаа замын бэлчир дээр бид ирж зогссон байв. Бид хямралыг сөрье, эдийн засгаа олон тулгууртай болгоё гэж бүтээн байгуулалтын замыг сонгосон.
Бид бүтээн байгуулалтынхаа гол тулгуур баганыг Засгийн газрын бондоор босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадлаа. Бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болголоо.
Хуримтлалыг дэмжих санхүүжилтийг хийх тогтолцоог эрс шинэчилснээр 4 жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 4 жилд 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөж чадлаа. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсөж, өнгөрсөн жил уг салбар анх удаа ашигтай ажиллаа.
Өмнө нь сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд орд газруудаа урьдчилан зарж олсон мөнгөө бэлнээр тараадаг байсан бол одоо бонд босгож бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад үүссэн хуримтлалаараа ирээдүйн орлого, эдийн засгийн өсөлтөө баталгаажуулдаг загварт шилжлээ.
Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн 4 жилийн ажлаараа харуулж чадлаа. Халамж авч суудаг монголыг бүтээн байгуулдаг монгол болголоо.
Монгол Улс 2010-2012 онд хэрэглээнд шүтсэн эдийн засгийн бүтэц уруу хурдтай гулсан орж байсан бол түүхий эдийн хямралтай байсан дараах 3 жилд бид гадаад зах зээлийн энэхүү хямралыг боломж болгон ашиглаж, хэрэглээний өсөлт тогтвортой, харин үндэсний хөрөнгө оруулалт, хуримтлал хүчтэй өссөн эрүүл бүтцэд шилжсэн байна.
2010-2012 онуудад эдийн засагт хэрэглээ өндөр хурдтай өсөж байсан бол, харин дараах 3 жилд энэ өсөлт саарсан. Гэхдээ, 2010-2012 онд чинээлэг давхаргын хэрэглээ тогтвортой өсөж байсан бол, 2013-2015 онд бага болон дундаж орлоготой иргэдийн орлогын өсөлт илүү жин дарж байгaa нь эерэг өөрчлөлт юм.
Бид Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг мах, гурил, түлш зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дээр хэрэгжүүлснээр үнийн өсөлтийн дарамтыг хүн амын дийлэнх хэсгээс томоохон компаниуд руу шилжүүлж, хэрэглээний бүтцийг орвонгоор нь өөрчиллөө. Үйлдвэржилт, барилгыг дэмжих үндсэн хөтөлбөрүүдээ нэг оронтой хүүгээр санхүүжүүлж, тансаг хэрэглээг танах бодлого явуулсан.
Хөрөнгө оруулалтын бүтцэд ч гэсэн том өөрчлөлт гарчээ. Сүүлийн 3 жилийн дотор гадны иргэд, ААН-үүдийн шийдсэн, өмчилсөн хөрөнгө оруулалтын нийт эдийн засагт эзлэх хэмжээ 3.5 дахин буурч, харин дотоодод хамаарах хөрөнгө оруулалтын нийт эдийн засагт эзлэх хувь бараг 2 дахин өсчээ. Бид гадаадын үйлдвэрлэгчдийг тэтгэж амьдардаг байсан бол одоо улс орондоо бүтээн байгуулж, үйлдвэрлэж, ирээдүйд монголчууд ашгийг нь хүртэх хөрөнгө оруулалтыг дэмжсэн том давалгааг эхлүүлээд байна.
Түүхий эдийн үнэ хүчтэй унаж эхэлсэн 2012 онд бид бонд гаргаж, эдийн засгийн уналтаа тогтоон барьж, улмаар аж үйлдвэр, дэд бүтцээ хүчтэй тэлсэн нь эгзэгтэй цаг үед хийсэн оновчтой шийдэл байсан юм.  Хэрвээ бид цагаа олж олон улсын зах зээл дээр Чингис, Самурай бондыг амжилттай гаргаж чадаагүй бол, бид өдийд -5 хувь, магадгүй -10 хувийн эдийн засгийн уналттай сууж байх байсан. Манай улсын зарим хөрш орнуудын эдийн засаг өсөлт хасах болж байгааг  Та бүхэн мэдэж байгаа нь лавтай.
Дэлхийн хаа сайгүй эдийн засаг удааширсан ер бусын цаг үед бид амьдарч байна. Өнөөдөр дэлхийн олон улс орнууд эдийн засгийн зогсонги байдлаас гарах арга замаа хайж, мухардаж байна. Харин, Монгол Улсын хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам тодорхой.
Бид өнгөрсөн 4 жилийн амжилтаа ирэх 4 жилд эрчимжүүлж, бүтээн байгуулагч Монголыг экспортлогч Монгол болгох ёстой.  Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч, аж үйлдвэр, ХАА-н бүтээгдэхүүнээрээ дэлхийд хүчтэй өрсөлддөг орон болох ёстой. Бидний энэхүү түүхэн зорилтод илүү таатай орчин манай бүс нутaгт болон хөрш орнуудын эдийн засагт бүрэлдэн бий болж байна.
Та бүхэн өнөөдрийн “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгээр Монгол Улсын эдийн засагт амин чухал аж үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад өнгөрсөн 4 жилийн турш хийсэн бүтээн байгуулалтын ажлаа нэгтгэн дүгнэж, эдгээр салбарын ирээдүйг илүү бүтээлчээр тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.
        Та бүхний бүтээн байгуулах их үйлсэд улам их амжилт хүсье!
        “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх