Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Сайн байна уу, Намайг Christian Taveira гэдэг, би Португалаас ирсэн, энэхүү загвар чуулганд Словакийн төлөөлөгч болж оролцож байна. Бид өөрийн орныг биш өөр өөр орныг төлөөлж байгаа учраас Словакийн төлөөлөгч болж байгаа. Би эмзүйн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, ажлын гараагаа эхлээд Португалийн Эмзүйн Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд давхар олон нийтийн чиглэлээр докторын өмнөх сургалтанд сурч байгаа.
Яагаад энэ хуралд оролцох болсон бэ?
Энэ чуулганд оролцсоноороо олон улсын дипломат харилцааны талаар бодитой харилцаа, хэлэлцүүлэг, шийдвэр гаргалт, үйл ажиллагаа хэрхэн явагдахыг өөрийн биеэр оролцож харахыг хүссэн. Энэ чиглэлийн туршлагыг өөртөө хуримтлуулах нь миний хувьд их чухал ач холбогдолтой.
Португалаас хэдэн төлөөлөгч энэ залуучуудын чуулганд оролцож байна вэ?
АСЕМ-ын орнуудаас нэг улсаас нэгээс хоёр л төлөөлөгч оролцож байгаа. Португалаас надтай нийлээд хоёр төлөөлөгч байгаа. Гэхдээ нөгөө төлөөлөгч маань Японд амьдардаг залуу байгаа. Монголтой арай ойр гэх юм уудаа.
Өмнө нь Монголд ирж байсан уу?
Үгүй ээ, анх удаа л ирж байна. Анх Азид ирж байгаа маань энэ л дээ. Миний хувьд өмнө нь Азид ирэхийг маш их хүсдэг байсан. ASEF-аас ийм боломж бидэнд олгосонд туйлын их баяртай байгаа.
Анх удаа Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Монголд ирээд хамгийн анх төрсөн сэтгэгдэл гэвэл хөгжиж буй улс орныг харсан. Маш олон шинээр барилга харагдаж, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг хуучин түүхэн зүйлтэй зэрэгцэн гарч ирэх шинэ орчин үеийн барилга байгууламж харагдсан. Магадгүй би арван жилийн дараа ирэхэд өнөөдрийн Улаанбаатар тэр чигтээ өөрчлөгдсөн байхыг ч үгүйсгэхгүй.
Монголын залуучуудын онцлог гэмээр зүйл ажиглагдав уу?
Тэд үнэхээр тусархаг, хэдийгээр тэд англи хэлээр гүйцэд ойлгохгүй байгаа ч туслахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа нь харагдсан нь үнэхээр их таалагдсан.
Энэ хуралд оролцохын өмнө хурлаас ямар зүйлийг хүлээж байсан бэ?
Би хоёр гол зүйлийг хүлээж байсан. Нэгдүгээрт, дипломат ажил хэрхэн яавагддагийг өөрийн биеэр харах, Ази Европ гэсэн хоёр өөр тивийн албан ёсны харилцаа хэрхэн явагддагийг, хоёрдугаарт бусад улс орны шилдэг лидер залуучуудтай холбоо тогтоох,
Бид маш олон өөр төрлийн гарал уусэл, мэдлэг боловсролтой залуучууд цуглаж энэ чуулганд санал бодлоо солилцон гурван үндсэн асуудлаар хуралдаж тунхаг бичгээ АСЕМ-н дээд түвшний уулзалтанд хүргүүлэх бөгөөд тэнд бидний гаргасан санал зөвлөмж, тунхагийг харгалзан үзэж санал бодлоо оруулна гэдэгт найдаж байна.
Улаанбаатараар аялж үзсэн үү?
Арай амжаагүй л байна. Хурлын дараа хэд хоног Монголд үлдэж нүүдэлчин амьдралын хэв маяг, морь унах, тэмээ унах гээд хийж үзэх, харах зүйл их байгаа. Бас бид наадмын нээлтэнд парад алхаанд оролцоно гэсэн нь үнэхээр их азтай, бас их сандарч байгаа.
Энэ хурлын хамгийн сонирхолтой зүйл нь юу байв?
Өөр улсыг төлөөлж байр сууриа илэрхийлнэ гэдэг биднээс маш их хичээл зүтгэл, чадвар шаардаж байна. Бид сайн мэдэхгүй улс орныхоо асуудал, шийдэл нь юу байна гэдгийг гаргаж ирэх, мөн Ази, Европ гэдэг асар их ялгаатай улс орнуудын байдал, зарим нь хөгжингүй, хөгжиж буй, бур дорой хөгжилтэй зэрэг эрс тэс ялгаатай улс орнуудын байр суурийг нэгэн зэрэг гаргаж ирж ярилцана гэдэг үнэхээр бэрхшээлтэй бидний хүчийг сорьсон асуудал байлаа. Энд нэлээд хэдэн ирээдүйд өөрийгөө олон улсын дипломат харилцаа тал дээр ажиллах хүмүүс байгаа, тэдний нэг нь бас би. Эдгээр хүмүүсийн хувьд энэ чуулга мартагдашгүй сайхан туршлага болж үлдэж байна.
Залуу хүний хувьд юуг амьдралын чухал зүйл гэж боддог вэ?
Миний хамгийн чухал үнэт зүйл бол бүх зүйлийг сурч, оролцож, хийж үзэж байгаа миний хуримтлуулж буй туршлагууд, өөрийгөө танин мэдэж өөрийгөө нээх явдал гэж боддог. Мөн залуу хүний хувьд бидэнд явах туулах ёстой ганцхан зам гэж өөрийгөө хорьж барихыг буруу гэж боддог Бидэнд маш олон зам, сонголт боломжууд нээлттэй байдаг.
Хэрвээ та өөрийгөө шидтэн гэж бодоод, нэг зүйлийг дэлхийд өөрчилж, шийдвэр гаргаж чадна гэвэл та юу хийх вэ?
Сайхан дайн гэж хэзээ ч байдаггүй, улс хоорондын дайн нь дипломат харилцааны алдаанаас ургаж гардаг. Бид бүгдээрээ өөр өөр түүх, соёл, нийгэм, харилцаатай, бие биенээ хүндэлж ойлгож харилцах нь их чухал гэж боддог. Хүчирхийлэл, дайнгүй энх тайван дэлхийг хүсэх байх.
Баярлалаа, Монголд байх үлдсэн хугацаагаа тавтай өнгөрүүлээрэй.
Баярлалаа
Б.Болор