Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, усанд живэх, осол гэмтэл, ялангуяа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх хандлага эрс нэмэгддэг тул ард иргэдэд сэрэмжлүүлэх зайшлгүй чухал шаардлагатай юм. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат нар оролцож, зохих мэдээллүүдийг хүргэсэн.
Монгол Улсын хэмжээнд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар, зам тээврийн осол гэмтэл багтаж байна. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны байдлаар нийт 107.559 хүн осол гэмтэлд өртсөн судалгаа гарчээ. Тэр дундаа зам тээврийн ослоор 17.197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын 3-р шалтгаан болж байгаа юм.
Харин хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдварын хувьд 2016 оны байдлаар улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол бүртгэгджээ. Өвчлөлийг сараар нь үзвэл 4-р сараас ихэсч, 5-7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 9-р сараас буурч эхэлсэн байна. Энэ нь дулааны улиралд хоол хүнсээр дамжих өвчин болон гэдэсний халдварууд мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг илтгэж байгаа юм.
Мөн энэ оны долдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алджээ. Үүнээс 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байна.
Тиймээс үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнддээ сайтар анхааран наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны болон архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой амарч зугаалахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэддээ сэрэмжлүүлж байна. Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг сайтар анхаарна уу.
- Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
- Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
- Наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх
- Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байх
- Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байх
- Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
- Гол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
- Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
- Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих
- Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршихаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
