“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

2026 оны 11-р сарын 09 өдөр, 11 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.11.09) 14.00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Хархорум хотын Зөвлөл хамтран зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэх бөгөөд Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр ““Дэг журам” ба хууль: Pax Mongolica, Их Засаг, Хархорум” сэдэвт илтгэл танилцуулах бол Их Засаг Их сургуулийн ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Ням-Осор ““Их Засаг” үүсэл, эх сурвалж, харьцуулсан орчин ба залгамж уламжлал” сэдвээр, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт академич С.Нарангэрэл “Их засаг(YASA): ертөнцийн мөнхийн хууль” сэдэвт илтгэл танилцуулна. Мөн Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан ““Их Засаг” ба Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализм: XIII зууны эрх зүйн сэтгэлгээ, олон улсын дэг журам” сэдвээр, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж ““Тогоон Төмөр хааны хуулийн бичиг (Жижэн тяогэ)”-ийн үнэ цэн, ач холбогдол” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулж эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх