Author Archives: baaska baaska

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирэхэд Дорнод аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Энхтөр нар угтлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулав

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Уг хуулиар “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар тусгасан юм.
Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 2023 оны байдлаар “Эхийн алдар” I, II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжид нийт 252.678 эх хамрагдсан байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийт 2010 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1585, гэмт хэргийн шинжтэй 110 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 82 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
447883425_773468428279901_4620732645991371679_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

487 нэгж талбарын 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн боллоо

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулаад байна. Иймд эхний ээлжид гэрээ байгуулсан 487 иргэний нөхөх олговрыг олгож, 209.544 м.кв буюу нийт 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болсон бол 175 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

”НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ’’ ХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин үхэр өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 6. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын 30, цагаагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, чөлөөт эх-3 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:47.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, бар, туулайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Лам хүний, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

Малчид, иргэд, аялагчидын анхааралд:

5-6-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 05-ны 20 цагаас 06-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна.

Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна.

Тэдгээрээс зарим онцлог хуулиудыг дурдвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх, түүний үр шимийг иргэн бүхэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн үндсийг баталгаажуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал бодитой хэрэгжих боломж бүрдлээ.

Монголын тусгаар тогтнолын нэг бат тулгуур болсон Монгол малчин,  монгол мал, Монголын газар нутаг-бэлчээрийн харилцан шүтэлцээг хангах шинэ эрх зүйн орчныг тогтоолоо. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчдын эрх зүйн байдлын тухай хуулиудаар мал аж ахуйн салбар хэрэглээний биш, үйлдвэрлэн бүтээгч, хөгжлийн салбар болох шинэ замд шилжинэ. Малчдынхаа ахуй амьдрал, үйл ажиллагааг төрөөс дэмжих урт, богино хугацааны бодлого эдгээр хуулиар тодорхойлогдсон. Үр дүн эхнээсээ гарч, малчид зээлээ хойшлуулж, хоршоод хөнгөлөлттэй зээл авч, “Шинэ хоршоо” хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна.

Энэ чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Авлигатай тэмцэх, баялгийн хулгайг илчилж, төр, ард түмний хяналтад авах, гэмт үйлдэлд нь тохирсон ял, хариуцлага ногдуулах шударга ёсны зарчим эдгээр хуулиудаар баталгаажлаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр томъёоллоо.

Бүхэлдээ энэ хаврын чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэж болохоор байна.

Эрхэм гишүүд ээ,

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, АЖИЛ ХЭРЭГЧ ПАРЛАМЕНТ байж чадлаа.

Манай парламент ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, Шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг Эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь Цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан.  Тиймээс ШИНЭТГЭГЧ парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг амилуулах “Эрх зүйн хувьсгал”-ыг та бид амжилттай хэрэгжүүлж, дуусгах шатанд хүргэж чадлаа.

Төрөө цэгцлэх, шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх, Салхитын мөнгөний ордыг төр, ард түмний мэдэлд буцаан авснаас эхэлсэн баялгийн хулгайг таслан зогсооход бидний үйл ажиллагаа бүрэн чиглэсэн. Үүний үр дүнд эдийн засаг сэргэж, нийгэм сэрж, улс төр цэвэршиж эхэллээ.

УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн Тогтолцооны реформ, Эдийн засгаа сэргээх шат дараалсан арга хэмжээ, Баялгийн реформ хийж, далд эдийн засгийг ил болгосон, системийн авлигатай хийсэн тэмцлийн үр дүнд 2016 онд дөнгөж 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2016 онд 3681 ам доллар байсан бол 2023 оны эцэст 5875 ам. доллар боллоо. 13.5 их наяд төгрөгийн гадаад өрийг төлж, Монгол Улсаа дампуурах эрсдэлээс гаргалаа. Төрийн албан хаагчийн цалин 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээг нэмснээр дундаж тэтгэвэр 785.000 төг болов.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталснаар стратегийн ордуудын 34 хувийг иргэдийн нэрийн дансанд төвлөрүүлж, баялгийн хараал биш, ерөөл бүрдэх томоохон алхам хийж чадсан.

Төрийн дээр гарсан олигарх бүлэглэл, ард түмний боломжийг тоносон гэмт үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг Цэгцрэх хөдөлгөөн эрчилсэн цаг үеийн шахалтад орж, илчлэгдсээр байна.

Парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргаж, Хөгжлийн банкны, Нүүрсний, Эмийн чанарын, Ашигт малтмалын лицензийн, Ногоон автобусны гэх мэт дуулиант хэргийг илчилж, иргэдийн засаглах эрх, ил тод байдал энгийн хэм хэмжээ боллоо. Олон жил бугшсан тогтолцооны авлигууд ил болж, шударга ёсны цоо шинэ хэм хэмжээ тогтож буйд энэ парламент чухал хувь нэмэр оруулсан.

Нийт нийгмийг сэрээсэн энэ сайн үйлсийг идэвхжүүлэн дэмжигч, хамтран зүтгэгч, Шүгэл үлээгч нь манай парламент, гишүүд байж чадсан гэж үзэж байна.

Монгол төр, төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх хүрээнд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчилсэн. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” анхдагч хуулийг баталсан. Иргэнээ дээдэлдэг төр оршин байх, эсэхийн үндсэн шалгуур нь төрийн алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй мөн гэж бид үзэж, эдгээр өөрчлөлтийг хуульчилсан юм.

Хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа 2021 оны хаврын чуулганаар, Авлигын эсрэг эрс шийдвэртэй тэмцэхээ 2023 оны хаврын чуулганаараа тунхаглаж, эрх зүйн шинэчлэлүүдийг хийлээ.

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, ОУПХ-той хамтран Хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн парламентуудын дотроос анх удаа хийлээ.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан.

Нийгмийн бодлогын хүрээнд олон чухал хуулиудыг батлан мөрдүүлсний дотроос Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын, Эрүүл мэндийн багц хуулиудыг онцолж болно. Монголын боловсрол, ахмад настны тэтгэвэр, халамж шаардлагатай иргэдэд чиглэсэн халамжийн бодлогын реформыг эдгээр хуулиудаар Та бид эхлүүлж чадсан.

Бид “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилгоо мэдэгдэхүйц үр дүнд хүргэлээ.

Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх үйл явц чухал амжилтад хүрсэн. Үүнд УИХ-аас нэтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим системүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Эрхэм нөхөд өө,

УИХ, Засгийн газрын нэг зүгт харсан нэгдмэл хүч, өнгөрсөн жилүүдийн буруу муу бүхнийг засан өөрчлөх тууштай тэмцлийн үр дүнд Монголын нийгэмд урхагшсан утаа манан сэмэрч байна. Энэ бол зөвхөн эхлэл. Сэмэрсэн мананг хөөж, Монголын тэнгэрийг цэлмээх ёстой.

Хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд авлигачид, ард түмний боломжийг цөлмөгчид, ашигт малтмалын лицензээр Монгол газар шороо, Монголын баялгийг зарж худалдагчид ялах сонголт болох ёсгүй. Монгол газар нутаг, Монголын баялаг ард түмэндээ үлдэж, баялгийн өгөөжийг монгол хүн бүр хүртэх, улмаар улс маань сэргэн мандах, АРД ТҮМЭН ЯЛАХ сонголт болох ёстой. Юунаас ч үнэтэй энэ эрхэм үүрэг, хариуцлагын төлөө сонгуульдаа оролцохыг та бүхнээсээ хүсье.

Төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөх, ард түмнээсээ авсан бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе.

Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье.

2024.06.05

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Мөнхзолбоо: Амилуулж чадвал өмгөөлөл хамгийн амьтай гоё ажил

Хуульч, өмгөөлөгч Мөнхзолбоо хэмээх гялалзсан бүсгүй ажил мэргэжилдээ  тун шуурхай, хичээнгүй, үнэнч нэгэн. Энэхүү өндөр мэдрэмжээрээ ямар л байж  болох  хуулийн  гарц гаргалгаа байна, тэр бүгдийг ашиглаж үйлчлүүлэгчдийнхээ хамт ялалтын ард зогсч байсан мөчүүд олон. Өмгөөлөгч бүсгүйг ийн аливаад шантардаггүй, зорилго тэмүүлэл дүүрэн болж хөгжихөд  энхрийлж өсгөсөн ээж нь, эрдмийн их сургуульд сургаж, богино хугацаанд сайн хуульч болгож бэлтгэсэн эрдэмтэн багш нарынх нь  ач буян хэмжээлшгүй их. Нэг зүйлд зорьсон бол түүндээ  хүрэх гэсэн тууштай байдал, хором цаг мөчид  сурсаар, суралцсаар, хөгжсөөр ирсэн түүнээс хувь хүний хөгжил гэгч ямар агуу байдгийг төвөггүйхэн олж харсан билээ. Тодруулбал, хуульч болох  ээжийнх нь хүсэл мөрөөдөл ч байсан гэдгийг онцолъё.

7a82db81-4e0f-45f6-97a7-9d323cd956dd

-Хоёулаа яриагаа өмгөөллийн замналыг ямар хувь тохиолоор сонгох болсон бэ гэдгээс эхэлье?

-Юуны өмнө танай хамт олонд баярлалаа. Миний бие  МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль дүүргэсэн,  анхны мэргэжил маань  эх бичиг судлаач. Гэвч  мэргэжлээрээ ажиллаагүй ч тухайн ажилдаа нямбай, хариуцлагатай хэмээн   захирлууддаа үнэлэгдсэн сайн  ажилтан байлаа. Тодотгож хэлбэл, захирал маань чи ямар ч үед өөрийгөө илэрхийлэх чадвартай, зөв гэж бодсон зүйлдээ зоригтой дуугардаг, буруу зөвийг дэнсэлж ялгаж чаддаг, чам шиг шударга хүнд хуульч, эрх зүйч  мэргэжил тохирно гэж зөвлөсөн. Цаашилбал, ирээдүйдээ итгэлтэй, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах  залуусын дуу хоолой нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн юм. Ингэж итгэл хүлээлгэж удалгүй намайг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шалгалтанд бүртгүүлсэн  ирээд одоо чи энэ компанид ажиллах шаардлагагүй, хуульч болоход  өөрийгөө бэлтгэ, МУИС-д сур, сургалт сайтай энэ  сургуулиас чи  сайн хуульч болж чадна гэж өмгөөллийн зам руу эргэлт буцалтгүйгээр  хөтлөсөн түүхтэй. Ээж маань ч мөн охиноо хуульч болбол их дэмжинэ гэж ярьдаг байсан. Би төрөлхийн хэнтэй ч адил тэгш харьцдаг, хэний ч өмнө адилхан хариуцлага хүлээх чадвартай байх ёстой гэдэг  чиг шугам, байр суурьтай хүн. Ялангуяа  өмгөөлөгч хүний хувьд  хэн нэгэнтэй гэрээ байгуулаад ажилласан бол түүндээ үнэнч байх ёстой гэдэг зарчим баримталж ирсэн. Ес  дэх жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байгаа.  Энэ хугацаанд эрүү, иргэний 400 орчим  шийдвэрийг цэгцэлсэн гээд ер нь  гүйцэтгэл сайтай ажиллахыг хичээдэг дээ.

-Эрх нь зөрчигдсөн иргэд л та бүхэнд хандаж байгаа. Тиймээс эрх ашгийг хамгаалах нь өмгөөлөгч хүний ажлын онцлог байдаг гэх утгаар ялах, ялагдах үед үйлчлүүлэгчдийн хандлагаас ямар мэдрэмж төрдөг  вэ?

– Өмгөөлөгч хүний ур чадварыг сорьсон зүйл хамгийн түрүүнд ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг тооцох, тэр бүгдийгээ урьдчилан сайн ойлгуулж, хэлж өгөх ёстой. Ялж ч болно, ялагдаж ч болно, гэвч шүүхийн шийдвэрт амлалт өгч  болохгүй. Ялагдсан нөхцөлд  юунаас болж ялагдав гэсэн хууль зүйн үндэслэл,сэтгэл зүйн зөвлөгөөг үйлчлүүлэгчдээ маш сайн тайлбарлаж, цаашдаа сайн  анхаараарай гэдгийг ягштал хэлж ойлгуулдаг учраас тэд маань сайн хүлээж авдаг.

-Аливаа амжилтанд хичээнгүй зүтгэлээс гадна, эрдэмд сургасан багш нар ч их нөлөөлдөг шүү дээ?

-Маш гоё асуулт байна.  МУИС-ийн хууль зүйн сургуульд сурч байхдаа багш нараасаа онолын талын мэдлэгийг маш сайн олж авсан гэж боддог. Гурван жилийг  бүхэлд нь сурах үйлсэд зориулсан. Хичээлээ тараад шөнийн 02.03 цагт өдрийнхөө хичээлийг гараараа бичиж давтдаг байсан минь  Дугармаа, Тэмүүлэн, Ж.Эрдэнэбулган, Бадам, Сарантуяа, Болормаа зэрэг  багш нарын минь ач буян гэж үргэлж талархаж явдаг даа. Энэ үеэс цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, ирлэж хурцалсаар ирсэн. Нөгөө талаар өмгөөлөгч гэдэг мэргэжил хэзээ ч гандаж зэвэрдэггүй, байнгын чадваржиж, чадавхжиж байдаг. Нэг кэйс дээр ажиллахад л хуулийн мэдлэг маань улам тэлж баяжаад кэйс болгон дээр хууль хэрэглээ гарч ирдэг. Тийм учраас өмгөөлөгчийн ажил байнга ур чадвараа нэмэгдүүлж байдгаараа онцлог, давуу талтай. Өөрөө л амилуулж чадвал хамгийн амьтай гоё ажил.

-Та өмгөөллийн ажил эрхлэхдээ ямар чиглэлээр мэргэшин ажиллаж байна вэ?

 -Иргэн болон эрүүгийн чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа. Иргэний салбарын тухайд гэр бүл, хүүхэд, эд хөрөнгө, өвийн маргаан, өр зээл, гэрээний маргаан дээр нэлээд төвлөрч ажиллаж байгаа. Эрүүгийн тал дээр хүний амь хохирсон, бага насны хохирогчтой хэрэг, хар тамхи, хүний наймаа, бэлгийн мөлжлөг зэргээр бүх салбарт орж ажиллаж байна.

a24ee6ac-b8f3-467c-b577-f205319267ff

-Хамгийн сэтгэл хангалуун мөч тань хэдийд байв?

-Маш олон  кэйс байдаг. Түүнээс онцолбол, миний үйлчлүүлэгч биеэ үнэлэлтийг зохион байгуулах, хүний наймаа, хүчин  гэх мэт маш хүнд гурван зүйл анги дээр хоригдсон байсан. Ингээд ар гэрийнх нь хүсэлтээр  өмгөөлөгчөөр ажиллахад мөрдөн шалгах ажиллагааны явцад  нэг зүйл анги нь, анхан шатны  шүүхээр хоёр дахь зүйл анги нь, давж заалдах шүүхээр  гурав дахь зүйл ангийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  цагаадаад гарч байлаа. Үйлчлүүлэгчдийн маань зүгээс  та мэргэжлийнхээ ур чадвараар гурван жилийн турш тууштай ажилласны хүчинд  гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах итгэл бэлэглэсэн  тандаа маш их баярлаж байна гээд сэтгэлийн үгээ хэлж байсан нь санаанаас гардаггүй. Одоо ч баярлаж талархсанаа илэрхийлсээр байдаг. Тийм учраас энэ хэргийг огт мартдаггүй. Тухайн  хэргийг нэг ч хоног орхиогүй шүүхээр гүйсний маань үр дүн юм.  Хүн заавал хурдтай байх албагүй, зогсолтгүй л байх ёстой. Энэхүү тууштай ажилласан зан чанарынхаа үр дүнд тасралтгүй үйлчлүүлэгчидтэй, цуцашгүй ажил хөдөлмөрт умбаж сайн сайхан амьдарч явна.

-Таны ярианаас үргэлжийн оргилж буцалсан чин  хүсэл эрмэлзэл амтагдаж байна л даа. Иймд таныг хамгийн ихээр ирлэж хурцалж байдаг зүйл юу вэ?

– Хуульчид, шүүгч,прокурор, ердийн хуульч, компанийн зөвлөх гээд  маш олон салбар байгаа. Иймд хэзээ ч цуцдаггүй, үргэлж хүнд тус хүртээж  явдаг буянтай ажлыг өмгөөлөл гэж боддог. Тийм учраас энэ ажлаасаа хэзээ ч ухрах ёсгүй.  Насаараа бусдад буян хийх, бусдын амьдралд гэгээ татуулж, нүдэнд нь оч бадраах  ийм сайхан мэргэжлийг хувь заяагаараа  эзэмшсэн минь миний амьдралын утга учир. Цаашдаа  нэр төртэй авч явахын төлөө өмгөөлөгч гэдэг ямар гоё мэргэжил юм бэ гэж бахдал  төрөх өндөр түвшинд ажиллана гэсэн туйлын зорилготой явдаг.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе?

-Нэгдүгээрт хуульч мэргэжил ээжийн минь хүсч байсан гурван мэргэжлийн нэг. Багаасаа ном унших дуртай, хүнд их сэтгэл гаргадаг, суурь хүмүүжлийг ээж маань маш сайн тавьж өгсөн хатан ухаантай эмэгтэй. Охиноо  номын эмэгтэй болгох  туйлын зорилго тээж явсан байх аа. Тийм учраас энэ дашрамд эрдэмд шамдах эх суурийг тавьж өгсөн ээждээ хязгааргүй их баярлалаа гэж хэлмээр байна.  Өмгөөлөгч гэдэг алдар хүндийнхээ хэрээр маш хүнд ажил. Тиймээс энэхүү нэр хүндтэй ажлыг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй авч явахыг зорьж явна даа.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

АЖЛЫН ХЭСЭГ:
  • Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах,
  • Эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах,
  • Нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах,
  • Нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажил хийхээр тогтлоо.

25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн энэ нуур Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл” үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн, Өгий, Туул, Хөвсгөл, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын ээлжит 112 дугаар чуулган Женев хотноо болж байна

Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 112 дугаар чуулган 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо эхэллээ. Чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид буюу Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо, бусад нийгмийн түнш байгууллагын төлөөлөл оролцож байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 187 гишүүн орны гурван талын төлөөлөгчид хуран цугласан ээлжит чуулган “Ажлын орчинд нөлөөлж болох биологийн аюул занал, түүнд бэлэн байх, эрсдэлтэй ажлын байх, ажилчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх” үндсэн сэдвийн хүрээнд ОУХБ-ын суурь конвенциудын хэрэгжилт, хөдөлмөрлөх суурь зарчим ба эрхүүд, зохистой хөдөлмөр ба асрахуйн эдийн засаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцэнэ. Түүнчлэн чуулганаар ОУХБ-ын Захиргааны зөвлөлийн 2024-2027 оны гишүүдийг сонгоно.
Манай улсын төлөөлөгчдийн тэргүүн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 6 дугаар сарын 10-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хяналтын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, ололт, сорилтын талаар танилцуулж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.
Ээлжит 112 дугаар чуулган 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аялал жуулчлалын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг хяналт шалгалтаар илрүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явууллаа. Уг хяналт шалгалтаар тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүллээ. Тодруулбал, Тухайн аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын зориулалттай визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь ийнхүү тогтоогдоод байна.

Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай. Гэвч  энэхүү төлбөрөөс зайлсхийж,  аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Гадаадын иргэн, харьяатын газраас жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил гарсаар байна.

 Иймд хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн гадна талбайд авто зогсоол байхгүйн улмаас түргэний тэргээр хүнд өвчтөн зөөвөрлөж ирэхэд хүндрэлтэйгээс гадна эмнэлгийг зорин ирдэг үйлчлүүлэгчид авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан, орц гарц хаахаас эхлүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг аж. Иймд тус эмнэлгийн хойно, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган, тохижуулах хүсэлтээ уламжилсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Энэ газар төрийн өмч. Эдгээр хүмүүс эл газар дээр эзэмших, ашиглах, өмчлөх аль ч эрхийг аваагүй. Тийм учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуульд заасны дагуу эдгээр зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Иймд газрыг чөлөөлөн, эмнэлгийн өргөтгөл хийх зайг нь үлдээн авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна. Хэрвээ өмчлөх эрхтэй бол хэлэлцээр хийх юм.  Мөн шаардлагатай гэж үзвэл энэ хавийн оршин суугчдад зориулан, давхар зогсоол хийхээр аж ахуйн нэгж санал тавьсан тохиолдолд бид энэ байршилд хамтарч ажиллах боломжтой. Цаашид энэ мэтчилэн гараашийг чөлөөлж, нийтийн зориулалттай авто зогсол, ногоон байгууламж барих ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.

АШУҮИС-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд амбулаторийн үзлэгээр өдөрт 350-400 хүн үйлчлүүлдэг. Улаанбаатар хотын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд орчин нөхцөл нь ээлтэй байх шаардлагатай. Гэтэл манай эмнэлгийн гадна орчин шахуу, давчуу байгаа нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа нь мэдээж. Тухайлбал, осол гэмтэлд орох, халтирч унах эрсдэлтэй байгаа юм. Хэрэв эдгээр гараашийг чөлөөлбөл эмнэлгийн хажууд өргөтгөл барин, хэвтэн эмчлүүлэх орыг нэмэхээс гадна ногоон байгууламж, авто зогсоол байгуулснаар ээлтэй орчин бий болох юм. Мөн дүүргийн хэмжээний эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлснээр Улаанбаатар хотод байгаа төв эмнэлгүүдийн ачаалал багасах давуу талтай” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 1500 гарааш буулгахаас ажлын явц 59 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар энэ үеэр мөн онцлов.

Ташрамд, АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман салбар эмнэлэгтэй болоод буй. АШУҮИС-ийн төв эмнэлгийн тухайд Австрийн Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн ходоод гэдэсний дуран, компьютер томографтай болсон байна. Түүнчлэн мэс заслын тасагтайгаас гадна хүүхдийн эмчилгээний тасаг нээхээр төлөвлөж, тусламж, үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нийт 2172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1697, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
69

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа