Author Archives: baaska baaska

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ. Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин үхэр өдөр

Аргын тооллын 5 сарын 15. Баасан (Сугар) гараг (2026)
-Хаврын адаг хар луу сарын билгийн 28, өдөр шарагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, од шийдэм-0, үл тохирох барилдлагат. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:14-20:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ сөрөг гараг.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо, бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +5…+10 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, багийн эзэд, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа.

Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Монголын сагсан бөмбөгчид улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байгаагийн дотор “Хасын хүлэгүүд” баг Япон, Солонгосын лигийн аваргуудыг удаа дараа хожиж, Ази тивдээ шилдэг баг болсныг онцоллоо.

Энэ нь монголчууд багийн спортоор амжилт үзүүлж чадна гэдгийг олон улсад харуулж буйн тод илрэл гэдгийг хэллээ.

“Хасын хүлэгүүд” баг:

  • 2025-2026 онд Азийн хамгийн том лиг болох EASL буюу Зүүн Азийн Супер Лигт тоглосон анхны баг,
  • 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia-East/ зүүн Азийн аварга,
  • 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia/ хүрэл медаль хүртсэн.

Багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, 1 Гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарсан бөгөөд Лигийн 10 удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн болж, 22 жилийн турш медалийн буухиагаа үргэлжлүүлж байна.

“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд Инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг. Мөн Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд” академиар дамжуулан залуу үеэ бэлддэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ш.Гүрбазар агсныг маргааш сүүлчийн замд нь үднэ

“Монгол Улсын Төрийн шагналт”, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулав.
Төрт ёсны хүндэтгэлийн ёслолыг 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийн Баасан гарагт Улсын Драмын Эрдмийн Театрт өглөөний 6 цаг 30 минутаас 7 цаг 30 минутад зохион байгуулахаар тогтов.
Монголын төр, түмэн Их найрагчийг сүүлчийн замд үднэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр мянга мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн үе үеийн багш, ажилтнуудад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 Их сургуулиуд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн алба хаагч бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бэхжүүлэх, Сургалтын болон Судалгааны их сургууль болоход нь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.

Мөн эрдэмтэн багш, ажилтнууд улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийсэн шинэчлэл, дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбар дахь шинэчлэл болон илүү шударга, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, айдасгүй, аюулгүй тогтолцоо бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан талархал илэрхийллээ.

ХЗДХЯ салбар хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүхий сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн давхардал, хийдлийг арилгах, шинэ эрсдэл, сорилтыг урьдчилан харж бодлогоо тодорхойлох зэрэг шинэчлэлийг үе шаттай хийж эхэлжээ.

Батлан хамгаалах яам энэ оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, алба хаагчдаа чадавхжуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа  явуулж байна.

Энэ хүрээнд чадварлаг офицер, ахлагч бэлтгэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, чанартай сургалт, эрдэм шинжилгээ явуулах, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг шинэ шатанд гаргахыг зорьжээ.

Салбарын яам өнгөрсөн нэг жилд ҮБХИС-д 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, багш ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэн, бүтэц, орон тоог боловсронгуй болгожээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу сургуулийн хөгжлийг эрчимжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар ҮБХИС-д дэлхийн жишигт нийцсэн “Олон улс судлалын төв” байгуулах гэж байгааг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.

Энэ төв улс орны аюулгүй байдал, цэрэг-улс төрийн харилцаа, бодлогын шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох, Монгол Улсын гадаад дахь байр суурийг улам бататган бэхжүүлэх зорилготой юм.

ҮБХИС цаашид олон улсын жишигт нийцсэн цэргийн боловсрол, сургалт, судалгаа-инновацын тогтолцоотой, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвар бүхий  офицер, ахлагч бэлтгэж, “Сургалтын их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.

Батлан хамгаалах болон Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн хувь нэмрээ оруулж байна.

Цаашид үндэсний аюулгүй байдал, иргэдийн ээлтэй орчин, шударга ёс, эрх зүйн шинэчлэлийн төлөөх төрийн тэргүүний бодлого, зорилтыг тууштай дэмжихээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын судалгааны арга зүйч багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнд Гавьяат хуульч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах судлалын тэнхимийн дарга, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Лхүндэвийн Батцэнгэлд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдрийн хүрээнд “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагын санаачилгаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Ховд, Орхон, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төрөлжсөн мэргэжлийн үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 5 дугаар сарын 02, 09, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзлэгт Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Японы эмнэлэг болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран 21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна. Мөн үзлэгээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэн эмчлэх юм.

Түүнчлэн хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоолоор 5.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсний дагуу худалдан авах үйл ажиллагаа амжилттай хийгдэн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх ажил эхэлж байна.

Тоног төхөөрөмж нийлүүлснээр хөгжлийн бэрхшээлийг эрт үед илрүүлэхэд дэвшил гарч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ  шаардлагатай хүүхдүүд хугацаа алдах, хүндрэл үүсэх, гадаад улсыг зорих, эдийн засгийн өндөр зардал гаргахыг бууруулж эх орондоо оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах зорилгоор өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгав.

Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий “Ногоон дата төв”-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжтой юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно.

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг зааж, өөр төсөл нэмж тусгахыг хориглож, эдгээр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор тусгажээ.

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олголт, нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Эд мөнгөний хонжворт сугалааг цахим орчинд зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх, хууль бус ашиг хонжоо олох, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн хяналт, зөвшөөрлийн асуудал бус, нийтийн эрх ашиг, иргэдийн эд хөрөнгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг даалгавар өглөө.

“Цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хууль батлагдсан. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, сурталчлан таниулахыг хуулиар хориглосон, эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг олон нийтэд ойлгуулах ёстой”-г Ерөнхий сайд анхааруулаад цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагууд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг даалгав.

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны есдүгээр сарын 03-ны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл байгуулагдсанаар Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Анхдагч процессын болон дагалдах байгууламжууд (EPC 02), Үйлдвэрийн цахилгаан станц (EPC 03)-ын багцын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээний үнийн дүнг өөрчлөхөөс бусад техникийн болон процессын шинж чанартай асуудлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад (EPC) хуваан хэрэгжүүлж буй.

  • EPC 01 багцын ажил 2024 онд дуусаж, барилга байгууламжуудыг ашиглалтад оруулсан.
  • EPC 02, 03 ба 04 багц ажлын тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдэж, БНЭУ болон бусад оронд үйлдвэрлэгдсэн техник тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.
  • ЕРС 02 багцад багтсан үндсэн технологийн, дагалдах, туслах байгууламжийн барилга угсралтын ажлыг 2026 онд дуусгахаар төлөвлөжээ.
  • ЕРС 03 буюу үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 44.4 хувьтай байна.

Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын талаар мэдээлэл хийлээ.

2026 онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Хаврын тариалалт энэ сарын 12-ны байдлаар 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал, нийт 44.6 мянган га-д тариалалт хийжээ.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг шийдсэн.

Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судалж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эмгэнэл

ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР
(1955-2026)
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 1963-1973 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль төгсөж, 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцан монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ.
Тэрээр 1977-1978 онд Монголын Зохиолчдын эвлэлийн дэргэдэх Ардын үлгэрийн танхимд утга зохиолын ажилтан, 1978-2018 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд сэтгүүлч, 2018 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв. Тэрээр сэтгүүл зүйн олон зуун бүтээл туурвиж, үзэгч, сонсогчийн оюуны мэлмийг нээсэн суут сэтгүүлч байлаа.
Ш.Гүрбазар нь “Дугуй хээтэй наадам”, “Домгийн өглөө”, “Хоршоо Дэрэм”, “Говийн ганц айл”, “Өөрөөдөө эргэсэн нүүдэл”, “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Бодь гөрөөсний зүүд”, “Сэрүүн зүүд”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?”, “Надаар тоглосон хайр”, “Шар гэгээ” зэрэг шүлэг, роман, жүжгийн зохиол туурвисан нэрт зохиолч, яруу найрагч байлаа.
Түүнчлэн “Хариулахгүй ч байж болно”, “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээр үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн соён гэгээрүүлэгч, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Өнөр бүл”, “Тэнгэрийн муухай арилдаг” зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд тодоор үлдсэн эрхэм хүмүүн байсан юм.
Тэрээр 1990 онд Ардын Их Хурлын 167 дугаар тойрог буюу Дорноговь аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2022 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар Таны нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр, дундаршгүй билиг авьяас, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа.

Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжил, сайн сайхан амьдралын суурь болох боловсролын салбарын үе үеийн эрдэмтэн багш, ажилтнуудад талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.        

Орчин цагийн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУБИС нь улс орны өрсөлдөх чадвар, хөгжил дэвшлийг бүтээгч шинэ үеийн багш, инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгчдийг бэлтгэх зорилт тавьсан.

ХААИС дээд боловсролын эрэлттэй болон тэргүүлэх 120 гаруй мэргэжлийн 70 гаруй хувийг бэлтгэдэг бөгөөд төгсөгчид нь “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг их сургуулиуд анхнаас нь дэмжин, зөвхөн оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байна.

ХААИС гэхэд л “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа өргөжүүлж, ойжуулалтын шинэ технологи, тарьц үржүүлгүүдийг нутагшуулжээ.

Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан үр дүнтэй хэрэгжүүлэх, бодлого боловсруулах, салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацыг дэмжих зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” ажиллуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна.

ХААИС энэ хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, агрономи, ургамал хамгааллын чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ.

Нийт төгсөгчид гэрээний дагуу орон нутагтаа гурван жил ажиллаж, боловсролын салбарт болон “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрт хувь нэмрээ оруулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

14-нд Дорноговь аймгийн нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +27…+32 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа

Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяар “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн Сэргээн засах эмнэлэгт үр бүтээлтэй ажиллаж буй зарим сувилагч Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнагдлаа.

Эрүүл мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр;

-Ерөнхий мэргэжлийн сувилагч Г.Энхчимэг,

-Ерөнхий мэргэжлийн сувилагч П.Нямдолгор

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр;

-Сувилагч Д.Батцэцэг тус тус шагнуулсан юм.

Шагналыг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал гардууллаа.

Тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сэргээн засах үйлчилгээг хүргэж, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэхэд  тус эмнэлгийн сувилагч нарын хүч хөдөлмөр хүчин чармайлт чухал болохыг онцлоод амжилт хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.13) 13:00 цагийн байдлаар Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Үүнд:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс 10:40 цагт гарсан хээрийн түймэр,
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэдэг газар 10:35 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн ангийн нийт 70 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 47 суманд 91 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа