Т.Бархүү: Ээж нь “Битгий уулзаач” гэж гуйсан болохоор би охиноо орхисон

2020 оны 01-р сарын 14 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
barhuu-jujigchin

Монголын урлагийн тэнгэрт гялалзаж яваа эрчүүдийн нэг, олон талын авьяас, түүнийгээ өнгөлсөн хөдөлмөрөөрөө залууст үлгэр дуурайл болдог жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа. Ажил, амьдрал нь цаг ямагт олны анхаарлын төвд байдаг авьяаслаг, царайлаг жүжигчин залуу амьдралын даваа нугачаа, сэтгэл дэх хөндүүр дурсамж гээд тэр бүр дэлгээд байдаггүй эмзэг сэдвээрээ бидний асуултад илэн далангүй хариулсан юм. Түүний чин сэтгэлийн яриаг таны өмнө дэлгэж байна.

ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МИНИЙ ХОЁР ОХИН УУЛЗААД ТАНИЛЦАХ БАЙХ АА

-“Хөөрхөн ээжтэй охин” кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Энэ киног хэзээнээс төлөвлөж, хэр хугацаанд бүтээв?
-Гэр бүлийн сэдэвтэй, хөнгөхөн, инээдмийн, романтик, драмын кино хийх талаар хоёр жил гаруйн өмнөөс Одноо, бид хоёр ярилцсан. Хоёр жил бодсоны эцэст, одоо л хийхгүй бол оройтох нь гээд кино бүтээх ажилдаа орсон. Учир нь охины маань нас яг таарч байгаа юм. Гэр бүлийн сэдэвтэй кинонд хүүхэд тоглуулахгүй бол утгагүй.

Хоёр жилийн өмнө зохиолоо бичээд, киногоо хийе гэхэд ямар хүүхэд тоглуулах вэ гэдэг асуудал тулгарсан. Ер нь бол Одноо бид хоёр охиныхоо характерыг хажуугаас нь харж байгаа болохоор мэдэж, мэдэрч, түүнд зориулж зохиолоо бичсэн. Охин маань долоотой. Яг энэ насанд нь хийхгүй бол зохиолтойгоо зөрчилдөнө. Сууний өсгөлүүн биетэйг ч хэлэх үү.

-Охиноо ямар мэргэжилтэй хүн болгоно гэж боддог вэ?
-Суунийгаас 2, 3 жилийн өмнө энэ талаар асуухад “Багш болно” гэж байсан. Одоо бол ямар ч эргэлзээгүйгээр “Жүжигчин болно” гэдэг болсон. Харин би охиноо жүжигчин болгох хүсэлгүй. Эмэгтэй хүн уран бүтээлч, жүжигчин болох хэцүү. Охин минь хэзээ нэгэн цагт гэр бүл зохионо. Урлагийг, урлагийн хүнийг ойлгодог гэр бүл олдоно гэдэг ховор зүйл. Тийм болохоор охиноо урлагийн хүн болоорой гэж хэлж чадахгүй.

Мэдээж охин минь урлагийн хүн болбол амжилт гаргах нь тодорхой. Гэсэн ч гэр бүлээ л нэгдүгээрт тавих ёстой. Өмнө нь олон нийтийн сүлжээгээр явж байгаа бичлэгүүдийг хүмүүс харчихаад “Танай хүүхэд ёстой хөөрхөн, авьяастай юм” гэж хэлэхэд нь би нэг их тоодоггүй байлаа. Гэтэл сая кино зураг авалтын үеэр мэргэжлийн камераар, мэргэжлийн хүний нүдээр хараад үнэхээр хоосонгүй юм байна гэдгийг нь мэдэрсэн.

-Охины тань бичлэгүүдийг үздэг хүмүүс бүгд өхөөрдөж, магтдаг. Багаасаа олны танил болж, магтаал дунд өсөхөөр биеэ тоох ч юм уу, зан араншинд нь нөлөөлөх вий гэж боддог уу?
-Тийм зүйлийг урьдчилан харж, алдаа гаргахгүйг хичээж байгаа. “Хүмүүсийг хүндэлж, хайрлаж харьцаарай. Аав, ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай” гэж захидаг. Ер нь охиныхоо дэргэд маргалдаж муудалцахгүйг боддог. Охиныхоо дэргэд, гэртээ найз нөхдөө авчирч, наргиж цэнгэдэггүй. Гэр бүлийн харилцаа, уур амьсгалаараа дамжуулж охиндоо үлгэрлэхийг хичээдэг. Хүүхэд орчноосоо бүх хүмүүжлээ авдаг шүү дээ.

Заавал хүн болгон алдаж, онох албагүй. Аав, ээж нь алхам тутамд нь зөв чиглүүлээд, нарийн ажиглаж байх ёстой юм билээ. Сая бид кино группээрээ ТВ-ийн нэвтрүүлэгт орсон юм. Тэнд “Хүүхдээ сургуулиас нь авдаг уу. Хоорондоо л мэддэг нууц нэр, код байдаг уу. Хүүхэд хаанаас төрдөг тухай ярилцаж байсан уу” гэх зэрэг асуултанд бүдэрсэн. Нээрэн л хүүхдэдээ цаг гаргаж, долоо хоногт хоёр удаа хичээлээс нь авч, эцэг, эхийн хуралд нь сууж байя гэж бодсон.

-Бараа амьдрал дээр хэр сайн аав, бас хань вэ. Ар гэртээ цаг гаргаж амжиж байна уу?
-Уран бүтээлч хүнд ар гэрийн амьдралын бүхнийг авч явна гэдэг хэцүү зүйл. Гадаад, дотоодоор явна. Тоглолт, сургуулилалт гээд оройтно. Энэ үед арын албыг хашиж, аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж байдаг эмээ, эгч нар нь бий. Тэдэнд найдаж үлдээдэг дээ.

Цаг зав гарахаараа гэр бүлтэйгээ хамт байхыг чухалчилдаг. Гэртээ байна, кинотеатрт очно. Охинтойгоо тоглоно. Одноо, бид хоёр зэрэг ажиллаад, зэрэг гэртээ ирдэг болохоор ар гэрийнхээ ажлыг хамтдаа хийдэг. Одноо Суунийг гурван нас хүртэл нь охиноо хараад гэртээ суусан. Энэ хугацаанд би ар гэр, амьдралаа авч явахын тулд илүү их хөдөлмөрлөсөн. Эр хүн гэдэг утгаараа би чинь гэр орноо авч явах үүрэгтэй шүү дээ. Би хүнээр юмаа бэлдүүлээд, бэлэн юман дээр амьдрахыг хүсдэггүй.

-Та СУИС төгсөөд “Х Түц”-д хэсэг ажиллаж байгаад гадаад руу явсан байх аа. Зорилго нь юу байсан бэ? 
-Тухайн үед би ганц өрөө байрны мөнгөтэй болох гэж явсан. Нэг өрөө байр 30, 40 сая төгрөг байсан шүү дээ. Хүнээс 500 евро зээлэн, амаргүй урт зам туулж байж гадагшаа гарч билээ. Очоод таван сар болоход ажил олддоггүй. Ах, бид хоёр өглөө бүр нэг, нэг талх халаасалж аваад гарна. Өдөржин саун, буудал, ресторанаар явж ажил хайна.

Тэгж, тэгж ахынхаа таньдаг гадаад хүний ресторанд хоёул ажилд орсон. Тэнд ажиллаж байхдаа хоногийн 24 цагийн дөрөвт нь л унтдаг байж билээ. Түүнийхээ хүчинд алдсан таван сараа ганц сард нөхөж чадсан.

Энэ үеэр ээжийн бие муудаж, би ч тэр мэдээг сонсоод Монгол руугаа хурдхан буцъя гэж шийдсэн. Яг тэр үед аз дайрч, миний ажиллаж байсан ресторанд бичиг баримтын шалгалт ирэв. Визний хугацаа аль хэдийн дууссан байсан учир намайг шууд баривчилж, баримтын зөрчил гаргасан гээд Монгол руу буцаах болсон. Би ах, эгчтэйгээ дөрвүүлээ амьдардаг байлаа. Тэдэн рүүгээ “Би баригдаад буцаж байна. Очоод ээжийг асраад байж байя. Бурхан намайг дээрээс хараад, ээж рүү явуулж байна” гэж утсаар хэлчихээд, наашаа гарсан даа.

Монголд ирэхэд ээж маань эмнэлэгт хэвтчихсэн, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй боловч хагалгаанд оруулах боломжгүй хүмүүсийн тоонд орчихсон байлаа. Яав, ийв, яагаад ийм юм болов гэж асууж, сураглаад явтал тухайн эмнэлэг хагалгааны аппаратгүй гэх шалтгаанаар ээжтэй адил өвчтэй 5, 6 хүнийг эмнэлгээс гаргах гэж байсан. Үндсэндээ үх гэж байгаа юм л даа.

Урлагийн сургууль төгссөний хэргийг гаргаж, телевиз, радиогийн найз нөхөд рүүгээ утасдан, хэрэндээ л өндөр авхуулж, сенсаци тарьсны хүчинд хагалгаа хийх боломжгүй гээд эмнэлгээс гаргах гэж байсан өвтнүүд маргааш нь хагалгаанд орсон. Сонин байгаа биз, ямар ч боломжгүй, одоо гар, тэгээд үхэх хоногоо хүлээ гэж байснаа маргааш нь боломжтой болоод, хагалгаа хийчихдэг.

Баригдаж ирсний ачаар ээжийгээ эмчлүүлж чадсан. Харин зорьж, зүтгэж явсан байраа авч чадаагүй ээ. Өрөө дараад, нэг машины мөнгөтэй үлдэхээр нь “Марк 2” авч унасан. Эргэж ирээд удалгүй “Х түц”-ийнхээ шинэ жилд уригдаж, “Хамтлагтаа буцаж ирээч” гэсэн саналыг хүлээж авч байлаа. Манайхан намайг гадагшаа явна гэхэд анхнаасаа л дургүй байсан юм.

-Гэргийдээ хэрхэн сэтгэлээ илчилж байсан бэ. Мөн эмэгтэй хүнийх нь хувьд юунд нь татагдсан бэ?
-Сайхан уран бүтээлч, мундаг эмэгтэй гэж боддог, “Одноо эгч ээ” гээд гүйдэг байсан. Гэхдээ эр хүний дотор эмээл, хазаартай морь гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн, гоо сайхан талаас нь бүгдийг нь харалгүй яах вэ. Тэгж байгаад л нийлчихсэн.

Эхнээсээ тэгж дуудаад бүр сурчихсан байсан болохоор нэг гэрт орсныхоо дараа ч “Одноо эгч ээ” гэчихдэг байв. Нэг удаа ингэж дуудахыг сонссон хадам ээж маань “Миний хүү эгч ээ, эгч ээ гээд байхаар чинь эвгүй юм биш үү” гэж хэлсэн. (инээв)
Манай хүнд ч бас нөхөр нь “Одноо эгч ээ” гээд байхаар хэцүү л байсан байх. Өөрөө бол юу ч хэлээгүй л дээ. Юм гэдэг цаг хугацаатай, хугацаа нь болохоор бүх зүйл сайхан болдог.

-Тухайн үед янз бүрийн дайралтууд их байсан байх аа. Сонинуудад “Одноо Бархүүг үеийн охидтой нь харддаг” гэсэн мэдээлэл гарч байсныг санаж байна?
-Үгүй, тийм юм байгаагүй. Надад ч хардуулаад байхаар юм үгүй. Би чинь ер нь тэр тал дээрээ бүрэг ичимхий хүн шүү дээ. Багын л тийм хүүхэд байсан.
Хүмүүсийн хандлагын тухайд, янз янзаар л ярьсан даа. Найз гээд наанаа инээж байсан хүмүүс ч бид хоёрт дургүйлхэж, муулаад явж байсан нь бий. Одоо ч сайн, муугаар ярьдаг хүн байгаа л байх. Гэхдээ биднийг хаана ч явсан эергээр хүлээж авч, бидний өмнөөс баярладаг хүн олон байдаг нь сайхан.

-Эргээд харахад туулсан зам мөр, амьдралдаа санаа зовж, харамсах зүйл гардаг уу? 
-Сүүлийн үед найз нөхдөөсөө нэлээд хөндийрч байна. Ажил, ажил гээд завгүй яваад байна. Мөн л завгүй гэдэг шалтгаанаар гэр бүл, ах дүү, хоёр ээж дээрээ очоод байж амжихгүй болчихоод байгаадаа сэтгэл эмзэглэдэг. Охиноо эмээ нартай нь ойрхон уулзуулж байя гэж боддог ч чадахгүй л байна. Ер нь долоо хоногийн нэг өдрийг яг гэр бүлийн өдөр болгоод, ах дүүстэйгээ уулзаж, хүүхдүүдээ ойртуулж, дотносуулж байвал зүгээр юм билээ. Тэгж амжихгүй байгаадаа жаахан санаа зовж явдаг. Гэхдээ тэр алдаагаа засна гэж бодож байгаа.

-Бархүү өмнө нь амьдралтай байсан, тэр амьдралаасаа нэг охинтой гэж сонссон. Охин нь одоо хэдэн настай вэ. Уулзаж, холбоотой байдаг уу?
-Одоо 13 настай охин байгаа. Охиноо 10 сартай байхад би Швед рүү явсан. Тухайн үед би хүнийг бодоод, өөрийгөө золиосолсондоо харамсдаг. 2006 онд ирснийхээ дараа охинтойгоо нэг удаа уулзсан. Түүнээс хойш 12 жил уулзаагүй явна.

-Ямар шалтгаанаар охиныхоо ээжээс салсан, яагаад охинтойгоо уулздаггүй талаараа ярьж болох уу?
-Намайг Швед рүү явснаас хойш долоо хоногийн дараа л охины ээж өөр хүнтэй сууж, өөр амьдрал эхлүүлсэн байсан. Надаас зангаа хувиргасан. Сэтгэлийн шарх тэр цагаас л эхэлсэн. Миний охиныг надаар ч овоглодоггүй юм, би тэднийхэнд үнэхээр их гомддог. Гэхдээ одоо би тэр эмэгтэйг хүндлээд, элдэв явдлыг сөхөж яримааргүй байна.

Шинэ жил болгоноор манай “Х Түц”-ийнхэн миний охинд бэлэг өгдөг. Тэр бэлгийг нь хадгалж байгаад, хүн амьтанд тараагаад өгчихдөг байж билээ. Би охинтойгоо уулзах гэж нэг хэсэг нэлээд хөөцөлдсөн. Ээж нь надаас зайгаа бариад, олддоггүй юм. Фэйсбүүкээ ашиглахгүй байгаа юм билээ. Нэг утас байсан, тэр лүү нь их залгадаг байлаа. Сүүлдээ утас нь ч байхгүй болсон. Дугаараа сольсон байх.

Ээж нь надаас “Охинтойгоо уулзаад хэрэггүй” гэж гуйсан болохоор би тэгээд орхисон. Одоо ямар ч холбоо байхгүй. Хаана, яаж амьдарч байгааг нь мэдэхгүй. Тухайн үед бидэнтэй ах, эгч нь гээд том хүүхдүүд хамт амьдардаг байсан. Тэд одоо том залуус, охид болчихсон болохоор намайг энд тэндээс реклам, клипнээс хараад “Чиний аав шүү дээ” гэж дүүдээ хэлдэг байх гэж боддог. Охин минь намайг аавыгаа гэж мэдэж байгаа байх гэсэн зөн совин надад байдаг юм. Зурагтаар ч юм уу, тайзан дээрээс намайг хараад, юм бодоод зогсдог байх гэж боддог.

Тухайн үед би ээжийнх нь хүсэлтээр охинтойгоо уулзъя гэж бодохоо больсон. Харин одоо охинтойгоо уулзах оролдлогыг өөрөө эхлүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Охин минь одоо 13, 14-тэй, юм ойлгох насанд хүрсэн. Хүнийг бодож явах чинь нэг талдаа алдаа болдог юм байна. Би тэр үед “Та нар юу яриад байгаа юм, би охинтойгоо уулзана” гэж үзэж тараад явсан бол одоо охинтойгоо уулзаад л явж байх байсан.

-Сууний эгчийнхээ талаар мэдэх үү. Ер нь танилцуулна гэж бодож байгаа юу?
-Сууний тэр талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт миний хоёр охин уулзаж, танилцах байх аа.

-Бараа ямархуу хөгшин болж, юу хийгээд сууж байх бол?
-Жүжигчин хүн тэтгэвэрт гарах биш. Хааяа олдсон дүрдээ тоглочихоод, тэтгэвэр тэтгэмжээ аваад, хураасан юм байдаг бол түүгээрээ аялаад сайхан тайван амьдрана даа.

-Жүжигчин болоогүй бол юу хийж яваа бол?
-Жүжигчин биш бол ямар ч байсан урлагийн хүн болох байсан. Дуучин болно гэж боддог байлаа. Би дуучны ангид шалгалт өгч, тэнцсэн. Хэрвээ дуучныхаа ангид тэнцээгүй бол нэг жил өнжөөд, дараа жил нь дахин шалгалт өгнө, яадаг ч байсан урлагийн сургуульд орно гэж бодож байсан.

-Саяхан өөртэй чинь мөр зэрэгцээд том шоунд оролцон гялалзаж явсан авьяаслаг дуучин хар тамхины хэрэгт холбогдоход юу бодогдсон бэ. Өмнө нь түүнийг анзаарч байв уу?
-Мэдээж маш их харамссан. Бид шоугаараа л дамжуулж нэгнээ мэддэг болсон. Аавыг нь илүү мэдэрч байгаа. Борхүү гуайтай мэндтэй устай явдгийн хувьд, тэр аав үнэхээр хүүгийнхээ төлөө бүх сэтгэл зүрхээ зориулдгийг нь мэддэг. Мундаг сайн аав байна лээ. Хүүдээ ямар их хайртай юм бэ гэж бодсон. Тэр сайн аав нь байгаа юм чинь, эр хүн алдаагаа засаад сайхан амьдрах байх гэж бодож байгаа шүү.

-Олон нийтийн сүлжээгээр олны танил хүмүүс залууст үлгэр дуурайл болсонгүй гэх шүүмжлэл их харагдаж байна. Та залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Залуус чаддаг, чаддаг ажлаа хийх хэрэгтэй. Хүний мууг нь харж, даган дуурайж байгаа бол мунхаг хүн л байж таарна. Тийм мунхаг, тэнэг байж болохгүй. Ямарваа зүйлд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Тэр залуугаас сайн, сайхан, авах юм зөндөө бий шүү дээ. Түүнийг нь суралцах хэрэгтэй. Бидний эргэн тойронд аюул байдаг. Хамгийн сайн найз чинь хүртэл өөрийгөө авч гарахын тулд чиний халаасанд юм хийж магадгүй. Тэгэхээр сонор сэрэмжтэй байж, хэнтэй найзалж, нөхөрлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй.

-Өөрөө архи, тамхи хэрэглэдэг үү?
-Тамхи огт хэрэглэдэггүй. Алкохол тодорхой хэмжээгээр, баяр ёслолын үеэр тааруулж хэрэглэдэг. АНУ-д нэг пиво уугаад жолоо барихыг зөвшөөрдөг юм билээ. Түүнээс цаашилбал хяналтаа алдаж, осол хийнэ гэдгээ иргэд нь ухамсарладаг болохоор тийм хэрэглээг зөвшөөрдөг байх.
Архи танай гэрт байдаг бол далд хийж бай. Чиний хажууд аав чинь тамхи татдаг бол “Та ямар муу хүн бэ. Биднийг огт бодохгүй, үхэхийг хүсэж байгаа юм байна” гэж хэлж бай. Тэгвэл аав чинь тамхи татахгүй болно. Ер нь манайд хүүхдүүдэд багаас нь ёс суртахууны хичээл ордог бол зүгээр санагддаг.

-Бархүү, Одончимэг, Сууний гурав хаана ч явсан гэр бүлийн аз жаргалыг цогцлоож буй дүр зураг харагддаг. Гэтэл Номуунаа ихэвчлэн ард нь үлдээд байх шиг санагддаг. Номуунаатай ямар харилцаатай вэ. Анх ээжтэй нь амьдрал зохиож байхад яаж хүлээж авсан бэ? 
-Би Номуунаа, миний нөгөө охин, Сууний, Номуунаагийн охин Гүнжээ гээд дөрвөн охинтой аав гэж бодож явдаг. Номуунаа бид хоёр ярилцаад, намайг “Пап” гэж дуудахаар болж, нэг хэсэг оролдсон ч аль аль нь чадахгүй юм билээ. (инээв) Одоо тэгээд “Бараа ах аа” л гэж дууддаг.

-Одноо эгчийн найзуудтай хэр ойр вэ?
-Одноогийн найзууд их сэтгэлээрээ хүмүүс байдаг. Би дунд нь ороод л бужигнаж явдаг. Насны зөрүү, цаг хугацааны хувьд ялгарах зүйл огт гардаггүй.

-Олны танил, царайлаг залууд бүсгүйчүүдийн зүгээс “халдлага” ирэх үү. Тэр үед хэрхэн зохицуулдаг вэ?
-Хүн ухаантай амьдрах ёстой. Бидний амьдрал тоглоом шиг байж болохгүй шүү дээ. Бид аюул дунд амьдардаг. Аюул дунд амьдарна гэдэг нь техник хэрэгслээс гадна хүмүүсийг ч хэлж байгаа юм. Эргэн тойронд янз бүрийн хүмүүс байдаг.

Хүмүүстэй, тэр дундаа эмэгтэйчүүдтэй мэндлэхтэй нь мэндэлж, хажуугаар нь зөрхтэй нь зөрөөд явах хэрэгтэй. Бүр мэндэлж ч болохгүй, хорлох гэсэн эмэгтэйчүүд ч байж магадгүй гэж боддог. Бид адгууснаас оюун ухаанаараа ялгардаг гэдэг биз дээ. Тийм учраас энэ зэргийн юмыг оюун ухаанаараа шүүж тунгаах ёстой.

-Урлагаар бол Бархүү өөрийгөө хангалттай харуулчихсан. Харин спортод хэр вэ. Хичээллэдэг спорт байдаг уу?
-Сагс тоглоно. Сүүлийн үед бахардаад байдаг болсон байна билээ. Ширээний теннис тоглодог. Жимд нэг хэсэг явсан. Одоо ер нь болж өгвөл аялаад л баймаар санагддаг болж.

-Уран бүтээлч хүнээс онгод, бүтээлийн санаагаа хэрхэн олдог талаар нь асуухад сонирхолтой хариулт ирдэг. Таны хувьд бүтээлийн санаа яаж төрдөг вэ?
-Бид ажил дээрээ хоорондоо ярилцаад, шинэ санаагаа самбарт бичдэг. Үнэхээр сайхан санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж авдаг. Яг ийм, тийм үед шинэ санаа орж ирнэ гэсэн юм байхгүй. Шөнө унтаж байхад ч шинэ санаа төрөх нь бий.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн олз омогтой хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй танд болон танай гэр бүлд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. 
-Баярлалаа. Шинэ ондоо монголчууд минь эрүүл энх, элэг бүтэн, халуун бүлээрээ аз жаргалтай амьдрахын ерөөл дэвшүүлье. Танд болон танай сонины хамт олонд баярлалаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.181.***)
    2020/02/20 18:33

    Saihan yariltslaga baina. Barhuu Odnoo 2 mundag xumuus baihaa.

    (0) (0)
  2. kkkk
     (202.70.34..***)
    2020/01/17 10:29

    EGCMED BUSGUI URAN ARGAND AVTANA AA GDG , BIASAN L ARGA TSAASHID CH BH L BH DOO………….

    (0) (0)
  3. zochin
     (150.129.14.***)
    2020/01/14 16:37

    Yamar buduuleg ,heregt durtai yadruuhan setguulch ve? Yasan ch uruvdmuur asuultuud asuugaa ve? Hunjliin sejuur suhuhuus oor medleg alga setguulch ee .Bolovsroloo deeshluul jaahan soyolj.

    (0) (0)