Author Archives: baaska baaska

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан шаардлага ирүүлсэн билээ.

Шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон холбогдох албан хаагчид Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан асуудлыг зөвшилцлөө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг албан ёсоор мэдэгдэж тус шаардлагад ирүүлсэн манай яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.

 Дохионы хэлний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх: ГБХНХ-ын яам “Монгол дохионы хэлний тухай” хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Дохионы хэлний тухай хуулийн үзэл баритлалыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд тус хуульд Монгол дохионы хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох замаар сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчинг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго багтаж байгааг танилцуулсан.

Хэлмэрчийн санхүүжилтийг төсөвт тусгах: Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх үүднээс дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны чиглэлийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүх яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүллээ. Мөн Хууль зүйн яамд холбогдох албан бичгийг мөн хүргүүлсэн.

Мэдээллийн хүртээмжийг технологиор шийдвэрлэх: Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай нэвтрүүлэх “MNS” стандартыг батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлсэн.

Ажлын байрны тогтвортой байдлыг хангах: Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны одоогийн ашиглаж буй байранд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Төсөв санхүүжилт, хяналтын талаар: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болон “Монгол дохионы хэлний тухай” анхдагч хуулийн төсөлд санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгоно. Мөн 2025,2026 онуудад тус чиглэлээр хийсэн арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүнг танилцуулав.

Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Уулзалтын үр дүнд дээрх шаардлагын хүрээнд Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын олон нийтийн радио телевиз тус бүртэй энэ сард багтаан албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг бодитоор танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс  иргэн бүрт тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг бид зөвхөн цаасан дээр хүлээж авах бус, ажил хэрэг болгож, амьдралд бодитоор нэвтрүүлэх шаардлагатайг онцолж хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өгөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийт 1867 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 684 гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

06-05

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан нохой өдөр

Аргын тооллын 6 сарын 5. Баасан (Сугар) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 20, цагаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, од яруу эгшигт-21, шид барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:46.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
Эд, мал худалдан авах, өгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, бэрийн үйл, замд явахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

2026 оны 06-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Их нууруудын хотгороор +23…+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. +11…+13 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.

Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний  хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.

Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь  авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 75 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад газар олголттой холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 362 өргөдөл, гомдлын 10-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 110 дуудлага хүлээн авав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр болохыг онцлоод, цаашид олон улсын хэмжээний оюуны спортын тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, залуу шатарчдыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.

Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович Монгол Улс шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг сайшааж, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх зорилт нь хүүхэд, залуусын хөгжилд чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн уулзалтаар хөрөнгө оруулалтын орчин, банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Монгол Улс банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, гадаадын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулав. Мөн “Freedom Holding Corp”-ын хувьд Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг Ерөнхий сайд дурдлаа.

“Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн банк, санхүүгийн салбараас гадна дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг судлах сонирхолтой байгаагаа онцоллоо.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой.

Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөнө үү.

2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.

Загас агнах, барихдаа дараах зохицуулалтыг мөрдөнө үү.

– Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх;

– Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх;

– Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх;

– Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх;

– Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх;

– Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх;

– Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх;

– Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэх.

Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан 2026 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах хүсэлт ирүүлсэн хуульчдад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаар тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэн тус Холбооны гишүүнээр элсүүлсэн. Энэ хүрээнд шинээр эрх авсан “Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”-г 2026 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров баяр хүргэж, үг хэллээ.

Энэ удаад 66 өмгөөлөгч тангараг  өргөсөн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Жадамбаа, Мэргэшлийн хорооны гишүүн Б.Өлзийсайхан  нар шинэ өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.

002003

004

005Шинээр эрх авсан өмгөөлөгчдөдөө хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын харилцан тохиролцсон зүйлс бодит ажил болж байна.
Казахстаны “Scat Airlines” компанийн агаарын хөлөг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ.
Ингэснээр зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт идэвхтэй хамтрах, шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, тохиролцсон юм.
“Scat Airlines” компанийн агаарын хөлөг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Астана-Улаанбаатар, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Астана чиглэлд ниснэ.
Тус компани 1,300 гаруй ажилтантай, агаарын 21 хөлөгтэй. Дотооддоо 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нийт 2043 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 646 гэмт хэргийн шинжтэй 130 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 35 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-04

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2026 оны 06-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +10…+12 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм

“Чөлөөлье” бодлого, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд,

-Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах;

-Төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах;

-Төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалтуудыг тусгажээ.

“Энэ хууль бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм” гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх зарчмыг баримталж ажиллах”-ыг анхаарууллаа.

Бизнес эрхлэгчдэд эрх зүйн шинэ зохицуулалтад дасан зохицох хугацаа олгож, хувийн өмчийн халдашгүй байдал, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамааралтай төрийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдлыг хангах нь хуулийн зорилго юм.

Тус хуулийн төсөлд тухайлбал,

·      Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байх;

·      “Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх;

·      Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байх;

·      Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үүсгүүрт ашиглагдах зай хураагуур, ногоон ус төрөгчийн үйлдвэр барих болон ногоон дата төв, хиймэл оюуны дата төв барихад татварын дэмжлэг үзүүлэх;

·      Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх,

·      Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх,

·      Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавьж байгааг хасах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.

“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.

Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн. “Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллүүдийг харьцуулан үнэлэхэд оролцогчдоос 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, цаашид хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй байна” гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ

Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус, нийлүүлэлт, газар хөгжүүлэлт, дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд “Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль”, “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хууль”-ийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тэмдэглээд Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкнуудад  хүлээгдэж буй дарааллыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутаг болон гэр хорооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна гэлээ.

Орон сууцны корпорацаар дамжуулж хөрөнгө оруулалт нь царцсан барилгын компаниудад батлан даалт гаргаж өгөх замаар банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улс, орон нутгийн төсөв хүлээлгүйгээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж, газар хөгжүүлэлт хийнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр түрээсийн болон нийгмийн орон сууцны сангууд бий болж, бага орлоготой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу гэр бүлийг түрээсийн орон сууцаар хангах зохицуулалтууд бүрдэнэ.

Арилжааны банкнуудад жилд шинээр 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаагийн 9.5 мянга орчмыг шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй зээлийн хүсэлт хуримтлагдан, 6.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болжээ.

“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ

Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)”-ийг 2023 онд нэвтрүүлсэн, уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийн 276 нь цахимжсан боловч “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)”-д холбогдоогүй байна. Сар бүр шинээр байгуулагдаж буй 1,540 орчим хуулийн этгээдийн 27.2 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа тул байршлаас үл хамааран үйлчилгээг тэгш хүртээх хэрэгцээ нэмэгдэж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-BUSINESS)-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлж, төрөөс хуулийн этгээдтэй харилцах үйлчилгээг нэг цонх, нэг сувгаар үзүүлж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимжинэ.

Мөн төрийн байгууллагууд өөр өөрсдийн салангид систем хөгжүүлэхгүй, нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээд байгуулах хүсэлтийг цахимаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Галын тархалтыг зогсоолоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо шинээр баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.06.03) 15:54 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 16:09 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа