Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа өнөөдөр “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” аяны хүрээнд Ерөнхийлөгчийн тайланг олон нийтэд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүхэн тайлангаа хэвлэмэл байдлаар УИХ-д танилцуулж байсан. 2015 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлангаа тавьсан. Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт тайлангаа тавьсан.
Төгсгөлийн тайлангаа аймгуудыг бүсчилсэн байдлаар хийе гэсэн төлөвлөгөө хэлэлцэж байсан үед Монголын медиа корпорациас “Ардын үг” аянаар дамжуулж Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэе. Олон нийтээр үнэлүүлье гэсэн санал ирснийг бид талархаж хүлээж авсан. Нийт 6 удаагийн хэлэлцүүлгээр тайлан тавих, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан.
Монголын медиа корпорациас санаачилсан үйл ажиллагаа нь төрийн өндөр албан тушаалтан, ялангуяа сонгогдсон, томилогдсон албан тушаалтан тайлангаа тавьдаг том соёлыг бий болголоо. Том жишиг тогтоолоо гэж би бодож байгаа. Энэ бол өнөөдөр нийгэмд маш хэрэгтэй зүйл. Өнөөдөр сонгогдоод юу хийв, амласан хөтөлбөр нь яаж хэрэгжиж вэ гэдгийг дүгнэж цэгнэдэг зүйл тааруухан байгаа. Тийм учраас бид Монголын медиа корпорацид талархах ёстой. Яагаад гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд эргээд сонгосон хүмүүстээ тайлангаа тавьдаг том соёл, жишгийг тогтоож чадсан. Иймд Монголын медиа корпораци, Eagle телевизийн хамт олонд, сэтгүүлчдэдээ талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг танилцуулахдаа эрхэлсэн ажлынхаа хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мэдээлэл өгч, Ерөнхийлөгч өөрийн биеэр 6 удаагийн хэлэлцүүлэгт бүгдэд нь оролцож дүнгээ танилцуулсан. Үнэхээр анхдагч эх үүсвэрээс нь үнэн зөв мэдээллийг цэгцтэй хүргэх юм бол иргэд тухайн сонгогдсон, томилогдсон хүний үйл ажиллагааны талаар маш зөв мэдээлэл авдаг нь эндээс харагдлаа. Аливаа мэдээллийг анхдагч эх үүсвэрээс нь, үнэн зөв, бодитой авдаг соёл эндээс тогтлоо гэж үзэж байна.
Мэдээлэл зүйн салбарт манай сэтгүүлчид цаашдаа ийм мэдээллийг иргэддээ өгөх нь чухал юм.
Тайлангийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хууль, өөрт нь заагдсан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаас гадна өөрийнхөө санал, санаачилгаар хэрэгжүүлсэн маш олон зүйлийг иргэдэд хүргэж чадсан. Иргэд бас цаашдаа ийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцох саналаа илэрхийлж байсан. Ялангуяа, ногоон хөгжил, иргэдийн оролцоо, монгол хэл, соёл, түүхийн чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлсэн маш олон төсөл байгаа. Үүнд тухайн салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд, ард иргэд идэвхтэй оролцсон. Цаашдаа ч үргэлжлэх юм бол Монголын түүх, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм байна гэж бодож байгаа.
Ийм бололцоог олгосон сэтгүүлчдэдээ, Монголын медиа корпорацийнханд, Eagle телевизийн хамт олонд, энэ ажлыг дэмжиж оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагынханд талархал илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.
Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцсэн иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүд дараахь сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд буюу Ардын экспертүүд 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр дүн тавьсан юм.
- Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.9 оноо.
- Монгол хэл бичиг, Монгол өв соёл, Монгол түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.4 оноо.
- Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.1 оноо.
- Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.7 оноо.
- Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.8 оноо тус тус өгчээ.
Эдгээр үнэлгээг “МЕК” судалгааны байгууллагын санамсаргүй түүврийн аргаар сонгосон хөндлөнгийн, хараат бус 1000 гаруй Ардын экспертүүд Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцсэний дараа нууц санал хураалтаар гаргасан гэдгээрээ онцлогтой.
Мөн энэ үеэр гол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг харуулсан Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт боллоо.
Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд хүлээлгэн өгсөн юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
