Өдрөөс өдөрт Улаанбаатар маань өргөжин хөгжиж,өндөр сайхан барилгуудаар өнгө нэмэн хаяагаа тэлж буй. Харин эртний түүхт гэгдэх навтгар навсгар байшингуудын хувь заяа цаг хугацаа өнгөрөх тусам бүрхэг болж байгаа нь харамсмаар. Сүүлчийн хааны зуны ордон гэх байшин хичнээн жил гундан гандан байгааг тэр хавийн хүмүүс андахгүй. Өндөр барилгуудын дунд амбаар шиг жижигхэн байшин түүх өгүүлэн гуниглана. Тэрний навсгар, өрөвдөлтэйг хэлэх юм биш. Цагтаа Монголын эзэн хаан амьдарч байсан өргөө гэвэл зарим хүний инээд хүрч мэднэ. Тэртээх он цагийн дурсгал, Монголын их түүхийг өгүүлсэн байшин цөөрсөөр байгаагийн нэг нь VIII Богд Жавзундамба хутагтын сэрүүн лаврин юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн урд талд орон сууцны өндөр байшингуудын дундаас арай ядан цухуйж байгаа навтгар байшинг мартах нь ээ,бид. Богд хааны ордон музей гэж жуулчдын амыг тагладаг нэг газар бий. Уг нь тэрний харьяанд байдаг дуулдана. Тэр музейнхэн навсгар байшинг гадна, дотны хүмүүст үзүүлнээ гонж. Хүн мэдчихвий гэж үе үеийн ажилтнууд нууцлаад ганц үг ганхийхгүй. БСШУСЯ,нийслэлийн Соёлын газар, Соёлын өвийг хамгаалах газар гээд төрийн байгууллагынхан тэр муу “хамуутай мал” шиг навсгар байшинг үл тоосоор өнөөг хүрчээ. Тойруулсан хашаанаас өөр харуул хамгаалалт байхгүй байх. Хөөрхий дөө,Их хааны зуны ордон гэх балгас яс мод нь цухуйж, шавар нь ховхорч цас бороонд урсаж он цагийн хатууг шүд зуун тэсвэрлэж байна уу гэлтэй. Хааяахан хажуугаар нь явахдаа “түүхээ нулимж байна даа,өөд нь татаж аваасай” хэмээн сэтгэл сэмрүүлэн арга барагдана. Монголын түүхийн давтагдашгүй дурсгал он цагийн элээнд өвгөрч хөгширч хэнд ч хэрэггүй болжээ. Үнэхээр хэрэггүй юм бол бүр байхгүй болгосон нь дээр. Тэр нь шударга болно. Гадныхан харчихвий,муу муухайгаа үзүүлчихвий гээд нууцлаад байхаар дэлгэж үзүүлээд хөрөнгө туслалцаа гуйж яагаад болохгүй гэж. Уг нь энэ байшинг хог новшноос дорд үзэх биш тордож янзалж,хамгаалж, биширч явах ёстой биш үү. Орон гэргүй, тэнэмэл архичид олон жил орогнон эзэмшиж арай л буулгаж нураагаад хаячихсангүй. Жил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэх түүхэн үнэт зүйл гэдгийг эрхэм сайд Ц.Цогзолмаа та болгоож үзнэ үү. Соёл хариуцсан сайд Ц.Оюунгэрэл гарч ирсэн цагаасаа эхлэн хэдэн сая жилийн өмнөх батаарын ясыг хайрлана, хамгаална гэж бөөн сүр үзүүлсэн. Энд тэндээс батаарын яс цуглуулж музей хүртэл байгуулсан. Тэр хүнд сүүлчийн хааныхаа дурсгалыг хүндэтгэж, сэрүүн лавринг өөд татах өчүүхэн ч бодол байгаагүй. Харин одоо Ц.Цогзолмаа сайд тэр муу байшинг очиж үзнэ гэдэгт найдъя.
Гандантэгчинлэн хийд сүм дугануудаа орчин үеийн шаардлага,өнгө аяст нийцүүлэн шинээр ямар сайхан барилга босгов. Үүнээс бэлээхэн жишээ авч болмоор санагдах юм. 10 гаруй жилийн өмнөөс зуны ордны газраас хулгайлж хумсалж байгаад өндөр байшингуудыг зай завсаргүй шавааралдуулан барьсан мөнгөтэй хүмүүст тэр муу навсайсан байшинг тордчих сэтгэл байсангүй. Хэдэн жилийн өмнө “Авзага”-ын Мэндбаяр захирал бараг дээр нь барилга барих дөхөж байсныг баахан шуугисан. Харамсалтай нь,тэр хүнд ичиж зовох нүүр байхгүй болохоор тэгэсхийгээд намжсан. Удирдлагын академийн удирдлагуудтай хуйвалдаж, өөрийн болгосон газар дээрээ орон сууц барьж зараад их баяжсан гэнэ билээ. Их хааны сүнс түүнийг олон жил өршөөн болгоосон байх. Цаг өөрчлөгдсөн,сэрүүн лаврин балгас болсон болохоор их хааны сүнс ч бодлоо өөрчилсөн байхыг хэн мэдлээ.
Зуны ордон шиг болох гэж байгаа хувь заяа 110 жилийн түүхтэй Чойжин ламын сүмийг ч тойрсонгүй. Эзэнтэй юм гэсэндээ Богдын ордноос арай дээр. Гэхдээ л өндөр барилгуудын дундаас чүү ай торолзоно. АН-ын Түвдэндорж тэргүүтэй Монголын мөнгөтэйчүүд газар руу нь бас л довтолж бие биеэсээ өрсөн “цемент шавар” аль хэдийнэ овоолоод авсан. Энэ мэтчилэн хэцүүдэж байгаа түүх соёлын дурсгалуудыг “буянаараа болог” гээд хаях уу. Чойжин ламын музейн дээвэр зэрлэгэнд баригдаж, шороо тоосонд дарагдаж зовлонд хатаж байгааг хүмүүс ярьж байна. Бас л балгас болох тийшээ хандаж байгаа нь илт. Богд хааны Хайстайн лаврин буюу Хүрэн ордон хэмээн хүндэтгэн нэрлэдэг байсан сэрүүн лаврин өнөөдөр хэнд ч хэрэггүй болчихоод уйтгар гунигийн зовлонг дааж ядан байна. Нэгэн цагт Монголын хаант төрийн нотолгоо болсон Богд хааны музей гэх ногоон ордон ч бас муудаж хуучирч байгаа. Төрийн хамгаалалтад авсан гэдэг. Тэгвэл Богд хааныхаа зуны ордонг хамгаалалтандаа авч болохгүй гэж үү. Манайхаас бусад улс түүх соёл, эзэн хааныхаа ордон, эд өлгийн зүйлсэд ихэд хүндэтгэлтэй ханддаг. Хятадад гэхэд л Манж улсын сүүлчийн хааны ордон тэр үеийнхээ түүхийг өгүүлэн,жуулчдыг урин дуудсаар байна. Улс орнууд түүхээ нандигнан хүндэлж, өөд нь татаж байхад Монгол Улсын төр засаг ихэс дээдсийнхээ түүх рүү шороо цацаад суугаад байж арай л боломгүй санагдана. Богд хааны зуны ордонг өөд нь татъя эсвэл бүр нураая,Ц.Цогзолмаа сайд аа.
Н.Дарьмаа

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
