Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалт боллоо.
Алдарт эхийн одонт ээжүүд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулснаар чуулга уулзалт эхэлсэн юм. Жил бүрийн чуулга уулзалтыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 11 дэх удаагийн чуулганаар “Одонтой ээжүүдийг орон сууцжуулах” асуудлыг ярилцсан юм.
ЧУУЛГАНЫ ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ИЛГЭЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА УНШИЖ СОНОРДУУЛЛАА. ИЛГЭЭЛТЭД:
“Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, хатагтай нар аа
Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье.
Эхчүүд, эмэгтэй хүний талаар уянгатай, уран сайхан үгсийг хэчнээн л бол хэчнээнээр хэлж болно. Үүнд ямар нэг хязгаар байхгүй. Харин би илүү бодитой асуудлууд, шийдэлд анхаарахыг хүсдэг. Монгол Улсын хүн амын бүтцэд үеийн үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тоогоор яльгүй давуу явж иржээ. Сүүлийн статистикаар хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Монгол эмэгтэйчүүд, эхчүүд түүхийн туршид гэр бүлдээ давамгайлах байр суурьтай байж ирснийг Монголын нууц товчоо болон бусад сурвалжаас тодорхой харж болно. Их эзэн Чингис хаан дайснаасаа айж үзээгүй хэрнээ Өүлэн үжин эхээс, Бөртэ үжин хатнаас эмээж, ажил үйлсдээ, ахуй харилцаандаа тэдний мэргэн зөвлөгөөг дагаж иржээ.
Өнөөгийн эмэгтэйчүүд ч айл гэрийн жинхэнэ тэргүүн, гол нөлөөлөл, шийдвэрийн цөм болдог. Гэвч төрийн алба, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Уг нь статистикт итгэх юм бол дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байгаа юм. Тийм болохоор Монголын түм түмэн ээжүүдийн төлөөлөл мянган ээж цугласан энэ баярын илгээлтдээ би эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох, өргөжүүлэхийн төлөө бодитой ажлууд хийх, санаачлахыг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон улс төрийн намуудад уриалах байна.
Өнөөгийн Монголын эмгэнэлт дүр төрх болчихоод байгаа ядуурал, ажилгүйдэл, ёс зүйгүй, шударга бус байдлын золиос нь юуны түрүүнд эмэгтэйчүүд болж, хуульгүй, ёс зүйгүй байдалд тэд хамгийн түрүүнд өртөж байгааг бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр сануулах, засаж залруулахыг шаардах ёстой.
Ерөнхийлөгчийн хувиар Улаанбаатар хот, аймгуудаар тойрч, иргэдийн дуу хоолойг сонсоход эмэгтэйчүүд илүү идэвхтэй, шаардлага өндөртэй байдаг нь ажиглагдаж байна. Тэд төр засгаасаа халамж, бэлэн мөнгө шаардахгүй байна. Монголчууд, Монголын эмэгтэйчүүд төрөөсөө юуны өмнө шударга ёсыг л нэхэж байна. Хуультай, ёс зүйтэй төр шиг төрийг хүсэж байна.
Эмэгтэйчүүд төрөөсөө ажлын байр шаардаж байна. Тэд эзэмшсэн мэргэжил, ажил хийж олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл саруул өсгөх тийм хэвийн нөхцөл, зүй ёсны тогтолцоог л шаардаж байна.
Олон хүүхэд гаргасан болон бага насны хүүхдээ асарч байгаа, мөн өрх толгойлсон эхчүүдэд төрөөс дэмжлэг үзүүлсэн хууль эрхзүйн орчин бий болсон нь сайшаалтай байгаа ч улам сайжруулах, цаашлаад орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулдаг болох боломжийг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах болно.
Эмэгтэйчүүдээ нүүр бардам, эрх тэгш, жаргалтай сайхан амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй юм бол Улсын Их Хурал, Засгийн газар, төр гэж байгаад яах вэ. Эмэгтэйчүүд нь гуниг зовлонд нэрвэгдэж байхад сонгогдсон түшмэд нь үнэтэй машинаар уралдаж, увайгүй луйварчдад төрийн өмчөөр баталгаа гаргаж суух нь төрийн үүрэг мөн билүү? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахгүй, тэдний хэвийн амьдралын нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол сонгууль хийх, түшмэдийг сонгохын утга учир нь юунд байх билээ.
Мянган ээжийн баярыг би бүх ээжийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуугарах өдөр л гэж ойлгож байгаа. Тийм болохоор хэлэх гэснээ тэсэлгүй хэллээ. Уучлал хүсье.
Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг дахин ерөөе” гэжээ.
Мөн Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа “Энэ арга хэмжээнд 31-92 насны алдарт эхийн одонтой ээжүүд оролцож байна. Та бүхэнд баяр хүргэе. Бид зургаан хүүхэд гаргаад одон авдаг бол энд 146 хүүхэд өсгөн хүмүүжүүлж, ирээдүйн эрүүл саруул иргэдийг бэлтгэж буй ээж, олон мянган хүүхдийг өвчин зовлонгоос нь салгаж, анагааж эдгээсэн ээж гээд бахархам олон эхчүүд ирсэн билээ. Мөн биднийг дэмждэг үе, үеийн Төрийн тэргүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монголын хүн ам зүй, удмын сангийн асуудал нь хил хязгаар бүрэн бүтэн байх, Монгол Улс тусгаар тогтносон байхтай эн тэнцэхүйц чухал асуудал байдаг юм. Тэгэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад энд сууж байгаа ижий нарын хувь нэмэр их юм. Үндэсний аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хангаж суугаа та бүхэнд сайн сайхныг хүсье” гээд олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцжуулах төслийн талаар танилцуулав.
Мөн дээрх сэдэвтэй холбогдуулан “ABA marketing” компанийн удирдлагууд олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцжуулахад санхүүгийн хөшүүрэг үзүүлэх талаар баримталж байгаа бодлогоо танилцуулсан юм. Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулга уулзалт авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор үргэлжилж байна.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
