Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такагитэй уулзахдаа манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр монгол оюутнуудыг хүлээн авч, суралцуулах болсноо мэдэгдсэн.
Японы талтай хийсэн энэхүү тохиролцоог ажил хэрэг болгох, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөгжингүй орнуудад суралцах суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурснаар анагаахын нарийн мэргэжлийн чиглэлээр монгол оюутнууд Японд 100 хувийн тэтгэлгээр суралцах үүд хаалга нээгдэж байна.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү санамж бичигт гарын үсэг зурч, гэрээ байгуулах хүртэл бүх талаар тусалж дэмжсэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Такаока, мөн Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такэнори Шимизү нарт халуун талархал илэрхийлээд, “Энэхүү санамж бичиг, гэрээний ач холбогдлыг миний бие өндрөөр үнэлж байна. Учир нь жил хүрэхгүй хугацааны дараа Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг бид хүлээн авна. Энэ эмнэлэг хамгийн орчин үеийн шийдэлтэй, хамгийн орчин үеийн техник технологитой эмнэлэг байх нь дамжиггүй. Энд Японд анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуусыг ажиллуулахыг бид зорьж байна. Энэ гэрээний үр дүнд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн ирж энэхүү зорилтыг биелүүлэхэд ихээхэн дорвитой хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах талаар бид гэрээ байгуулсан талтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж, журам боловсруулж яамны сайтад нээлттэй тавина. Энэ дашрамд Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, түүний ТУЗ-ийн дарга, ноён Күнинори Такаги болон Японы ард түмэнд хувиасаа болон яамныхаа өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, “Япон, Монгол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа билээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцоод удаагүй байгаа бөгөөд Японд боловсрол эзэмшсэн Монгол оюутнууд төгсөөд эх орондоо ирэн олон салбарт амжилттай ажиллан, Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад Япон улс хувь нэмрээ оруулж байгаад таатай байна. Энэ удаад Анагаах ухаан нийгмийн халамжийн олон улсын их сургууль ирэх 5 жилийн хугацаанд хамгийн ихдээ 50 монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг шинээр нээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд ялангуяа Япон, Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил ирэх жилд дуусахыг мэдээлэхийн ялдамд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан Монгол оюутнууд Монголынхоо нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Харин Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги санамж бичигт гарын үсэг зурах ёслолд хүндэтгэн ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Элчин сайд Такаока, Элчин сайд асан Шимизү нарт гүн талархал илэрхийлээд “Манай сургууль 1995 онд байгуулагдсан, анагаах ухаан төдийгүй нийгмийн халамжийн цогц сургууль гэдэг утгаараа Япондоо анхдагч сургууль. Одоогийн байдлаар 6 кампус, 10 сургууль, 24 тэнхимд нийт 8300 оюутан бакалавр, магистр, докторантурт суралцаж байна. Өнөөг хүртэл 23 мянга гаруй чадварлаг мэргэжилтэн бэлтгэснийг маань Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлж 2017 оны 4 дүгээр сард 40 жил олгогдоогүй, их эмч сургах анагаахын ухааны их сургууль байгуулах зөвшөөрлийг бидэнд өгсөн юм. Бид даяарчилагдсан их сургууль болох уриа, зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн улс орнуудаас оюутан, судлаачдыг суралцуулах мөн өөрийн сургуулийн эмч, багш нарыг гадаадад томилолтоор ажиллуулах, гадна, дотны чадварлаг оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах ажлуудыг хийж ирлээ. Монгол Улсыг Ази дахь хамтын ажиллагаатай орнуудын нэг хэмээн үзэж, анагаахын салбарын мэргэжилнүүдийг сургах замаар Монголын анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Ирэх 5 жилд хэрэгжих 100 хувийн тэтгэлэгтэй энэхүү хөтөлбөрийг Ази-Номхон далайн орнуудын Хатагтай нарын найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсондоо таатай байна” гэлээ.


Энэхүү санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдэх юм. Монгол оюутнуудын тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцна.
Японы талаас суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9,720,000-18,300,000 иенийг (220,644,000-415,410,000 төгрөг) зарцуулна. Тэтгэлэгт хөтөлбөр таван жил хэрэгжих бөгөөд Монголын тал тэтгэлтийг бүрэн ашиглаж чадвал өөрөөр хэлбэл жил бүр 10 оюутныг илгээнэ гэж тооцвол тэтгэлгийг хэрэгжүүлэхэд Японы талаас нийтдээ 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо гараад байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
