Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэг байгаа юм.




Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянгол дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одонгийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулсныхаа баяр хүргэж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Элбэрэлт ээж нар аа,
Энхрий үрсийнхээ бахархал болсон эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний ирээдүй, баяр баясал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм. Тийм болохоор монголын төр эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Энэ жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлал хойшлогдсон хэдий ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр энэ ажлыг зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.
“Эхийн алдар” одон Та бүхний үр хүүхэддээ гаргасан сэтгэл, хайр энэрлийн нэг хувьтай ч тэнцэхгүй байх. Гэхдээ үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.
Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг Баянгол дүүргээс энэ жил 622 ээж “Эхийн алдар” одон хүртэж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 22, Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид хүртээж байгаа. Эдгээр ээжүүдийн дотроос хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэгийг энд онцлон тэмдэглэж, баяр хүргэж байна.
Бидний амин эрдэнэ, хамгийн үнэт баялаг болох хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан. Цаашид ч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардсан ачит ээж нартаа, өнөр өтгөн монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ хүүхдүүдийн тань нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор монгол эхчүүдийн алдар бадартугай” гэв.







Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.
Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.







Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
