Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллалаа.
Энэ үеэрээ Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав.
Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэбулган суман дахь Гал унтраах анги, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжүүдтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус газарт ажиллах үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал унтраах ангийн багаж, техник хэрэгслүүдийг танилцуулав. Тус газрын Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал гэдгийг тэрбээр хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна.
Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, “Албаны нохойны байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцууллаа.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд байгуулагдсан тус сургууль нь орон нутаг дахь спортын төрөлжсөн анхны сургууль бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 640 суралцагч, 45 багш, 35 ажилтантайгаар ерөнхий эрдмийн болон спортын төрөлжсөн сургалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус сургуулийн сурагчид бөхийн гурван төрөл, спорт тоглоомын гурван төрөл, хөнгөн атлетик, цана зэрэг спортын есөн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. Мөн Архангай аймгийн сумдаас болон бусад аймгаас шилжин ирж, тус сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 100 хүүхдийн дотуур байртай байна.
Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль байгуулагдсанаас хойших таван жилд тус сургуулийн сурагчид спортын олон төрөлд амжилт гаргаж, аймаг, улсынхаа нэрийг гаргаж яваа гэдгийг сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 2015 оноос хойш тус сургуулийн сурагчид болон төгсөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль авсан амжилттай байгаа гэв. Мөн Архангай аймаг 32 жилийн дараа анх удаа цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тухай танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн чөлөөт бөх, жүдогийн өрөө, англи хэл, мэдээлэл зүйн танхим, уран бичлэгийн дугуйлан, спорт заал, урлаг заал, номын сангаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа улсын хэмжээнд жишиг болохуйц сургалтын орчин, үйл ажиллагаатай тус сургууль шиг сургуулиудыг олноор байгуулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.
Мөн сурагчидтай уулзах үеэрээ эрдэм номд шамдан суралцаж, сонгосон спортын төрлөөрөө амжилттай хичээллэж, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захилаа.


Архангай аймгийн 288 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.
Энэ жил Архангай аймгаас нийтдээ 288 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 267 ээж тус тус хүртлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:
“Элбэрэлт эхчүүд ээ,
Монголын сайхан ээжүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээ өлгийдөн авч, энэрэл хайраар дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, ивээлт саран болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг юутай ч зүйрлэмгүй хэмээн монголчууд бид ярьдаг. Иймээс талархаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр хүндлэл үзүүлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн уламжлалтай.
Энэ л сайхан уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одон хүртээх тухай зарлигаа цаг хугацаанд нь гаргасан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ үе шаттайгаар гардуулахаар шийдвэрлэсэн юм.
Өнөөдөр миний бие Арын сайхан Архангай аймагт хүрэлцэн ирж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 288 ээжид гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 21, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 267 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эрдэм мэдлэгээр биеэ чимсэн, эх орондоо хэрэгтэй, шинэ үеийн монгол хүнийг өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдийн ариун үйлсийг төр өндрөөр үнэлж ирсний нэгэн илэрхийлэл болох “Эхийн алдар” одон бол хамгийн шударга, нандин шагнал бөгөөд цаашид ч үргэлжлэх ёстой монгол төрийн сайхан уламжлал юм.
Үүний хажуугаар эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулж, эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь монгол төрийн орхигдуулж болохгүй чухал үүрэг юм. Гэтэл өнөөгийн манай нийгмийн бодлогын нэгэн эмзэг цэг, тулгамдсан асуудал нь хүүхэд хамгаалал болчихоод байна.
Тийм ч учраас миний бие энэ асуудлаар баримталж ирсэн байр сууриа тууштай хадгалж, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо ямагт сайжруулж, монголын ирээдүйг хамгаалахын төлөө даацтай бодлого хэрэгжүүлж, сэтгэлтэй ажиллах ёстой гэж үзэж байна.
Улмаар хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон. Цаашид миний бие энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргахын төлөө шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Архангай аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.







Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг үе шаттайгаар гардуулж дууслаа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Уламжлал ёсоор “Эхийн алдар” одонг жил бүрийн зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг байсныг дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулах шийдвэр гарсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
- 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн 203 ээжид,
- 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн 230 ээжид,
- 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн 161 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн 292 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн 214 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн 408 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн 227 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн 346 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн 548 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн 377 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн 186 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн 338 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн 391 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн 266,
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн 382,
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн 421 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн 65 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн 208 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн 531 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн 288 ээжид тус тус “Эхийн алдар” одон гардууллаа.















Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
