Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Л.Мягмарсүрэн:
“…Манай Архангай аймгийн удирдлагууд улсаас ирдэг тендерийг өөрсдөө аваад болохоо байсан. Өөрсдөө аваад зогсохгүй төсөвт өртгөөс нь зөрүүтэй үнээр бүтээн байгуулалтаа хийдэг. Тэрийгээ өөрсдөө хийсэн гэж аархдаг. Архангай аймгийн 2 дугаар сургуулийн есөн тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг дөрвөн тэрбум төгрөгөөр хийсэн. Үлдсэн таван тэрбум төгрөг хаачсаныг нь мэдэхгүй. Өнөөдөр энд УИХ-ын гишүүд ирсэн байна. Аймгийн Засаг дарга байна. Хэрвээ үнэн бол энийгээ Ерөнхийлөгчид тайлбарлаад, ард түмний үл ойлголцлыг залруулаад өгөөч гэж хүсэж байна. Би яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр Та бүхэн иргэдээс сонгогдсон, иргэдийнхөө төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс.”
Архангай аймгийн иргэн Энэбиш:
“…Би аялал жуулчлалын ажил хийдэг учраас газрын зурагтай их ойр ажилладаг. Манай улсын газрын зургийг буруу үйлдвэрлэсэн тохиолдол маш их байна. Ялангуяа Европоос ирж байгаа бүх жуулчдын авч ирдэг Герман, Австри, Швейцар улсуудад үйлдвэрлэсэн Монгол Улсын газрын зургуудын хил алдаатай байдаг. Иргэн хүний хувиар би үүнд эмзэглэж, бас сонирхож явдаг. Европын газрын зураг үйлдвэрлэгч нар эх сурвалжаа хаанаас авдаг юм бол? Би энэ асуудлыг Ерөнхийлөгчдөө хэлэх нь зөв байх гэж бодож байна. Мөн иргэн хүний хувиар мэдээлэл авмаар байна.”
Архангай аймгийн иргэн Д.Өсөхжаргал:
“…Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Миний санал бол одоо хэрэгжихэд хоцорсон санал. Орон нутгийн сонгуулийг явуулах хуульд хугацаа нь дэндүү буруу байлаа. Яагаад гэвэл Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэх оюутан, залуучуудын боломжийг хаасан, ийм хугацаа сонгожээ. Одоо энийг өөрчлөхөөс хоцорсон учраас дараагийн сонгуульт жилүүдэд энэ хугацааг тодорхой, боломж хангасан байдлаар сонгох нь зүйтэй юм байна гэж харж байна. Улаанбаатар хотод хэдэн зуун оюутан, өөрийнхөө орон нутгаас хол газар суралцаж байгаа учраас, сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа шүү дээ. Санал өгөхөөр бол асар их зардалтай. Үүнийг монгол хүн бүхэн ойлгож байгаа. Тиймээс орон нутгийн сонгуулийг оюутан сурагчдын төвлөрч суралцах хугацаанаас зөрүүлэх, эсвэл 9 сарын эхний долоо хоногт хичээл сургалтын ажлыг зохицуулж байж зохион байгуулах шаардлагатай байна.”
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Мөнхбаяр:
“…Ажил хийдэг хүн байхгүй боллоо. Бүгд дээд боловсролтой боллоо. Нэг хүүхэд сургуульд сургахын тулд дөрвөн жил хамгийн багадаа нэг айл 40 сая төгрөг зарцуулаад төгсгөдөг. Гэтэл ажлын байр байхгүй. Тийм учраас дээд боловсролын хуулийг Та Ерөнхийлөгч байх хугацаандаа өөрчилж өгөөч. Нэн шаардлагатай анагаах, батлан хамгаалах, бусад нарийн мэргэжил эзэмших хэрэгтэй салбараас бусад салбарт мэргэших гэж байгаа оюутнуудад бүтээн байгуулалтад оролцож болох чадварыг мэргэжил сургалтын төвүүдээр олгодог болмоор байна. Ингэж байж хүний хөгжил ярина. Хүний хөгжил өнөөдрийн Оюу толгой, Тавантолгойгоос хойш 20-30 жилийн цаадах хүний хөгжлийг тодорхойлох ёстой. Өнөөдөр ажилчин анги гэдэг зүйл байхгүй болчихоод байна. МСҮТ-ийн боловсролыг нь эзэмшүүлээд явбал чанаргүй олон сургуулиуд нэгдэнэ.”
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Баатар:
“…Би Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Баатар гэдэг хүн байна. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ганцхан манай Архангай аймагт хүүхдийн 100 ортой цэцэрлэг бариад, өчигдөр манай дарга нар тууз хайчилж хүлээж авлаа. Энэ ажлыг бид 8-9 жил хөөцөлдсөн. Сүүлийн дөрвөн жилд Архангай аймагт хөрөнгө оруулалтаар баригдсан ийм өөр барилга байхгүй. Албан бус тооцоогоор 1.5 тэрбум төгрөгөөр баригдсан цэцэрлэг юм. Энд нэг асуудал байгааг хэлэхэд, 9 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос сурвалжлагч нар ирэхэд энэ цэцэрлэгийнхээ тухай ярьчихсан чинь “Сонгуулийн үеэр аймгийн дарга нарыг шүүмжилсэн” гээд цагдаад дуудагдчихсан байгаа. Энд бас дахиад хэлнэ. Энэ цэцэрлэгийн барилгыг орон нутгийн хөрөнгөд бүртгээгүй. Улсын комиссын акт иж бүрнээрээ гараагүй байгаа. Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь гараагүй гэж бодож байтал өчигдөр нээлтээ хийчихээд цаагуураа нууцаар гаргачихсан байх вий гэж хардаж байна. Өчнөөн олон хууль, дүрмийг зөрчөөд явчих юм. Манай дарга нар “Би энэ цэцэрлэгийг Архангайд авчирч байна. Би сонгогдсон тойрогтоо энэ ажлыг хийлээ” гэх маягаар яриад явчих юм. 2015 оны 3 сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн асуудал. 2016 оны 8 сарын 1-нд албан тушаалд очсон манай дарга нар ингэж яриад, ерөөсөө гүйцэгдэхгүй байна.”
Архангай аймгийн иргэн Бадарч:
“…Эвдэж болохгүй зүйл бол эрүүл мэнд, боловсрол хоёр. Гэтэл энэ хоёр яагаад эдийн засагт орчихсон юм бэ? Шинжилгээнээс эхлээд, яагаад эмийн салбар, боловсрол бизнес болчихсон юм бэ? Улс төрөөс ангид байх ёстой хуулийн байгууллага яагаад ажиллахаа больчихсон юм бэ? Хууль ард түмэнд үйлчилж байна. Эрх мэдлээ урвуулан ашигласан, хулгай хийсэн эрх мэдэлтнүүдээ яагаад шийтгэж чаддаггүй юм бэ? Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг байгуулна гэсэн боловч намчирхсан нийгэм болчихжээ. Тиймээс бид одоо энэ намчирхсан нийгмийг халахын төлөө хөгшин залуугүй нэгдэж ажиллая.”
Архангай аймгийн иргэн Хатангэрэл:
“…Хоёр том асуудал байна. 00 ба хог. Дэлхий дээр байгаа хогны 30 хувь нь хуванцар хог хаягдал байна. Харин энэ хуванцар хог хаягдлаар жорлон хийх гээд байгаа юм. Био жорлон гэдгийг хуванцраар хийж болдог юм. Үүнийг хийх гээд судлаад үзэхэд эхний ээлжинд 20 ажилчин, 263,500,000 сая төгрөг буюу нэг Land Cruiser 200 маркын машины үнэтэй тэнцэхүйц төсөв шаардагдах юм байна. Бид 2-3 аймагт ийм жишиг үйлдвэрийг барих юм. Үүн дээр тус дэм болоосой гэсэн хүслийг тээж ирсэн шүү” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад тухайлсан хариулт өгч, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ төрийн албан тушаалтнууд иргэдээ нээлттэй сонссон, эрүүл, органик уулзалтуудыг илүү хийж, тэдний үгийг сонсож байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм.
Төрийн тэргүүн үргэлжлүүлэн Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ажилласан талаараа ярьж, орон нутгийн удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжлэв. Тэрбээр хэлэхдээ, “…Бид сая Цэцэрлэг хүртэл Эрдэнэмандал сумаар дайраад ирлээ. Тус суманд 2016 оноос өмнө 800 сая төгрөгөөр баригдсан 2 тэрбум төгрөгийн махны үйлдвэр байна. Суманд, тууврын зам дээр байгаа, сум дундын, өдөрт 20 бод, 200 бог нядлах, 100-гаад хүний ажлын байр болох ийм үйлдвэр барьчихаад байхад дөрвөн жил гацаагаад хаячихсан байна. Нөгөө хөдөө аж ахуйн орон чинь, сум бүрт ийм жижиг үйлдвэр бариад, аймаг бүрт томыг бариад, аймгаасаа Дархан руу шилжүүлнэ гээд бид төлөвлөлт хийгээд байхад энэ үйлдвэр дээр ийм асуудал гарч байгаа юм. Дөрөв хоног бол “сонсоогүй байна, мэдээгүй байна” гэж болно. Дөрвөн сар бол ойлгож болно. Гэтэл дөрвөн жил орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг хаагаад, гацаагаад хаячих юм. Аймгийн Засаг дарга нь энэ тухай мэдээгүй байна. “Хувийнх л юм байлгүй” гэж ярьж байна. Юу гэсэн үг юм бэ! “Монгол Шевро” ХК концесс аваад өөрийнхөө хөрөнгөөр бариад, энийг төсөвт нь суулгаад яваа энэ ажил маш олон малчдын амьжиргаатай холбоотой. Одоо малын гэдэс дотор, арьс, нэхийг хаядаг болсон. Орон нутагт бий болж байгаа нийт хог хаягдлын 40 хувь нь малын гаралтай түүхий эд болсон байна. Хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого хаягдсан байна. Сонгууль болгоноор улс төржөөд байвал энэ улс яаж хөгжих вэ? Малчдын зовлонг хамгийн сайн ойлгодог байх ёстой Засаг дарга нь дөрвөн жил очиж үзээгүй байж болохгүй. Энэ үйлдвэр баригдсанаар Эрдэнэмандал загвар сум болох ёстой. Танай газар нутагт болоод байна шүү дээ. Саран дээр баригдсан биш, өөр аймагт баригдсан биш, танай аймагт баригдаж байна. Эрдэнэмандал сум эндээс 160-хан км шүү дээ” гэлээ.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
