Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжиж буй спортын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцлаа.
Тодруулбал, “Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төсөл, мөн нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт менежмент” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй “Зүүн Азийн Залуучуудын наадам-2023”, “Олон улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг хүлээн авах Спортын цогцолборын төслийн барилгын ажилтай танилцаж, мэдээлэл сонслоо.
Төслүүдийн хүрээнд 3,500 хүртэлх хүний багтаамж бүхий Монголын анхны битүү дээвэртэй спортын ордон, төрөл бүрийн спортын тэмцээнийг зохион байгуулах зориулалттай, 2,100 хүний багтаамж бүхий спортын цогцолбор, 10 замтай усан спортын ордон, хөл бөмбөгийн талбай, техникийн төвийг цогцолбор хэлбэрээр нэг байршилд барьж байгуулж байна.
Бүтээн байгуулалтын ажлууд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас удааширч, хэсэг хугацаанд саатсан ч өнөөдрийн байдлаар ажил хэвийн үргэлжилж байгаа талаар төслийг хэрэгжүүлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж байв.

Дээрх төслүүд хэрэгжсэнээр Монгол Улс спортын салбарт олон улсын стандартад нийцсэн материаллаг баазтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах боломжийг нээж буйгаараа онцлог юм. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадварыг олон улсад сайжруулах, тамирчдын амжилтыг ахиулах, ялангуяа, өвлийн спортыг хөгжүүлэх үндэс суурийг тавих, цаашлаад спортын салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зэрэг ач холбогдолтой.
Түүнчлэн, биеийн тамир, спортын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх нь хүүхэд залуусын дунд спортын соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, тууштай, хөдөлмөрч залуу үеийг бэлтгэх, спортын хүмүүжлээр дамжуулан шилжилтийн насны хүүхдүүдийн дунд гарч буй гэмт хэргийн тохиолдлыг бууруулах, хорт зуршлаас ангид байлгах зэрэг үр нөлөөтэй.
Залуусын зүгээс ч спортын салбарыг төрөөс бодлогоор дэмжих, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн материаллаг баазыг бий болгох талаарх санал хүсэлтийг олон удаа ирүүлж байсан ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авааагүй байсан юм.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга залуусын хөгжлийг дэмжих эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь онцгой чухал байгааг тэмдэглэж, бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд захилаа.

Монголын анхны битүү дээвэртэй спортын ордны барилга угсралтын ажил дуусчээ
Монгол Улсад анх удаа баригдаж буй Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий битүү дээвэртэй спортын ордны шав тавих ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож байсан билээ.
Улсын төсвөөс хараат бусаар, үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус төслийн барилга угсралтын ажил үндсэндээ дуусаж, дотоод засал, мөсөн шалыг тавих ажил эхэлсэн байна.
Тус ордон нь Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай.
“Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх суурь тавигдахаас гадна тусгай зориулалтын шал дэвссэнээр бүх төрлийн танхимын спортын уралдаан, тэмцээн, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм.
Төслийг хэрэгжүүлэгчид тус ордныг 2021 оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Спортын цогцолборын төслийн явц 60 хувьтай байна

Монгол Улс 2023 онд Зүүн Азийн Залуучуудын наадам, 2025 онд Олон улсын Залуучуудын ногоон наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулна.
Анх удаа эх орондоо “наадам”-ын статустай, 12, 21 төрлийн спортын олон улсын тэмцээнийг хүлээн авах болсонтой холбогдуулан Спортын цогцолборын төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж, төслийн явц 60 хувьтай үргэлжилж байна. Төслийн захиалагчаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 онд байгуулагдсан нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт менежмент” ХК ажиллаж байгаа юм.
НИЙТ 8 ГА ТАЛБАЙГ ХАМАРСАН ТӨСЛИЙН ТАЛБАЙД:
- 2,100 хүний багтаамжтай, зочид буудал, фитнес, бүжгийн заал, хурлын танхим, ресторан бүхий спортын цогцолбор,
- 1,200 хүний багтаамжтай, хийлдэг мембрам дээвэр бүхий 10 замтай, 50 метрийн олон улсын стандартад нийцсэн усан спортын ордон,
- 1,000 хүртэлх үзэгчийн суудалтай, дэлхийн хөл бөмбөгийн талбайн стандартад нийцсэн хөл бөмбөгийн ногоон талбай, Техникийн төвийн барилгын ажил үргэлжилж байна.
Төслийн эхний барилга, байгууламжууд 2021 оны арваннэгдүгээр сараас ашиглалтад орох бөгөөд төслийн нийт ажил 2022 онд дуусна.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
