Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Эцэг тэнгэр хураа хайрлан, эх дэлхий шимээ хүртээж, түмэн олны сэтгэл тэнийсэн, дэлгэр сайхан зун цаг эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.
Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ.
Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ Төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.
Эрхэм хүндэт наадамчид аа,
1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, Ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ.
Өнгөрсөн зуун жил бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.
Ирж буй шинэ зуунд монголчууд бид ололт амжилтаа бататгаж, ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган, хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн “Хүчирхэг Монгол Улс” болохын төлөө ард нийтээрээ хамтран зүтгэцгээе.
Миний Монголын ард иргэд ээ,
Энэхүү түүхэн жил төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.
Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.
Их хааны сүр хүч, билиг оюуны – суу алдар монголчууд бидний зүрх сэтгэлд бадамлан асаж, монгол төрийн гал голомтыг өнө мөнхөд бадраах болтугай.
Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүн ардаа баясгасан дэлхийд ганцхан “Монгол наадам” ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэллээ.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.


Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
