Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.19) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 61.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэний дагуу чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 8 гишүүнийг томилсон. Үүнд, Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын; Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын; Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын; Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын; Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын; Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын; Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжиж баталсан юм.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Х.Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Хавдисламын БАДЕЛХАН
Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд томилуулах саналыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд гишүүдийн 87.5 хувийн саналаар дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Нэр дэвшигч Х.Баделхан 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Политехникийн дээд сургууль, 1990 онд Москва хотын удирдлагын академийг тус тус төгссөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр ажлын гараагаа эхэлж, 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-д төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал, 1994-2000 онд Зам, барилгын “Жол” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2015 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, А.Сүхбат, Ц.Гарамжав, Ж.Батзандан, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан, М.Билэгт нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулав. Нэр дэвшигч Х.Баделхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, улсын хэмжээнд барилгын 7000 орчим компанид 95 мянга гаруй хүн ажилладаг гэсэн тоо баримт бий. Энэ том салбар зогсонги байдалд ороод байгааг хүлээн зөвшөөрч байна. Цаашид концессын асуудалд онцгой анхаарч, шаардлагатай гэж үзвэл барих-ашиглах-шилжүүлэхийг зөвшөөрч болох юм гэсэн байр суурьтай байгаа.
Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээр нийтдээ 4.1 их наяд төгрөгийн зээлээр 92 мянган хүн орон сууцтай болсон, зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ жилийн хувьд улсын төсвийн 300 тэрбум төгрөг, Монголбанкны санхүүгийн зохих дэмжлэгээр 10 мянга орчим айл орон сууцтай болсон байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалт босгох, зээлийн хүрээг өргөжүүлэх, түүнчлэн ахмадууд, залуучууд, багш, эмч нарыг орон байртай болгоход анхаарна. Мөн хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодит ажил хэрэг болгох, барилгын салбарын лиценз, тусгай зөвшөөрлийг цэгцэлж хүнд суртлыг арилгах, гэр хороололд бичил төвүүд байгуулах замаар инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрдүүлэх, хотын шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Жавхлан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Л.Болд, Д.Оюунхорол, Х.Нямбаатар нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд барилга, хот байгуулалтын салбарт юун түрүүнд анхаарч ажиллах асуудлын талаар тодорхой саналууд хэлж, өмнөх сайдын хийсэн ажлыг үргэлжлүүлэн инженерийн мэргэжил, төрийн ажлын туршлагадаа тулгуурлан ажлаа шуурхай эхэлж зоригтой, санаачлагатай, бүтээлчээр ажиллахыг захисан юм.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 56 нь буюу 87.5 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжив.
Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
сайдад нэр дэвшигч Цэдэнбалын ЦОГЗОЛМАА
Дараа нь Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигчийг дэмжсэн байна.
Нэр дэвшигч Ц.Цогзолмаа 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Багш, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
1992 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар 1993-1995 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ИТХ-д мэргэжилтэн, 1995-1997 онд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, 1998-1999 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бүлгийн ахлах удирдагч, 1999-2004 онд нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав, Д.Оюунхорол, С.Батболд, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, А.Сүхбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Нэр дэвшигч Ц.Цогзолмаа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах шаардлага тулгарч байгаад анхаарч ажил хэрэг болгоно. Ерөнхий боловсролын сургууль нь дуртай дарга, дуртай сургууль, багш нь дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг туршилтын талбар байж таарахгүй гэж үзэж байгаа. Иймээс сургалтын хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох, сурах бичгийг журамлах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ, боловсролын байгууллагад олгож байгаа хувьсах зардал, багшийн хүрэлцээ, чадавхид анхаарч, боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг сурах арилгах, хүүхдийн хэрэгцээ, системийн хоцрогдлын заагийг ойртуулахад анхаарч ажиллана.
Сайн багшаас сайн сурагч гэсэн зарчим барьж багш нарын мэргэшлийг дээшлүүлэх, дахин сургах асуудалд онцгойлон анхаарч тодорхой ахиц гаргана гэж бодож байгаа. Багш нарт олгох урамшууллыг нэмэгдүүлэх замаар цалин орлогыг нь өсгөх боломжтой, энэ чиглэлээр тооцоо судалгаа хийсний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах аюулгүй орчин, ном сурах бичгийн хүртээмж, сургалтын стандартыг сайжруулах асуудлыг газар дээр нь үзэж танилцаад нөхцөл байдлын судалгаа хийсний үндсэн дээр асуудлыг цогцоор нь шийднэ гэдгээ хэллээ. Мөн сургалтын зээлийн сангийн журмыг өөрчилнө, энэ зээлийг заавал арилжааны банкаар дамжуулах шаардлагатай эсэхийг судалж үзнэ. Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээ сургалтын чанар, стандартыг сайжруулах замаар цөөлөх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд саналаа хэлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
