Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.24/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, уулзалтын эхэнд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс Австралийн Холбооны Улсыг гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэгийг тэмдэглээд, өнгөрсөн хагас зууны хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, уул, уурхай зэрэг салбарт тогтвортой өргөжин хөгжиж ирснийг онцоллоо.
Хоёр улсын бат бөх түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд, сүүлийн жилүүдэд улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянсын 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлов. Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостины айлчлал нь хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх нийтлэг зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон талаар дурдлаа.
Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг парламентын тогтолцоог хөгжүүлэхэд Австралийн Холбооны Улсын парламентын сайн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Австралийн Холбооны Улс технологийн томоохон компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн зохицуулалтаараа олон улсад үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд, ялангуяа 16 хүртэлх насны хүүхдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг зохицуулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагаас суралцах сонирхолтой байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австрали Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тэмдэглээд, тэдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Тэрбээр Австрали дахь монгол иргэд хоёр улсын ард түмнийг холбосон чухал гүүр болж байгааг тэмдэглэж, тэдний эрх ашиг, сайн сайхан байдлыг хангах асуудалд цаашид ч анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж буйд баяр хүргэв.
Тэрбээр Австрали, Монголын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, улс төрийн харилцаа, харилцан ойлголцол улам бэхжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн 2024 онд Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянс, Австралийн Амбан захирагч Сэм Мостин нарын Монгол Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Элчин сайд Лео Зенг, Австралийн Холбооны Улс боловсрол, хүний нөөцийн хөгжлийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үздэг болохыг онцлоод, Монгол Улсад ажилласан хугацаандаа хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олгох сургалтын тэтгэлгийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлж, Австрали Улсад ажиллах сайн дурын ажилтны тоог өсгөсөн байна. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн эхний үе шат амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэв.
Цаашид хоёр орны иргэд хоорондын харилцаа, парламентын хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Лео Зенг, хоёр улсын түншлэл, улс төрийн харилцаа, өндөр түвшний яриа хэлэлцээг улам бэхжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхийг тус улсын Сенатын Ерөнхийлөгч урьсныг уламжилж, уг айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ өргөтгөсөн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүний хариуд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, урилгыг таатай хүлээн авч, Улсын Их Хурлын даргын хувиар хийх анхны айлчлалаа тус улсаас эхлүүлэхдээ таатай байгаагаа илэрхийлж, энэхүү айлчлалыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгт Монгол Улсад ажилласан хугацаанд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, тус парламентын бүлгийн гишүүн П.Ганзориг, Б.Пунсалмаа болон холбогдох албаны хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
