Author Archives: admin

Баллистик пуужин сөнөөдөг лазерын бууг 2021 онд туршина

Америкчууд болзошгүй дайснуудын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор лазерын зэвсэг зохион бүтээж байгаа бөгөөд таван жилийн дараа туршихаар төлөвлөсөн тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах агентлагийн захирал, дэд адмирал Жеймс Сиринг Конгресст мэдээлсэн байна. Түүний хэлснээр, нислэгийн замын эхлэл хэсэгт нисч буй баллистик пуужинг устгадаг энэ системийг 2021 онд туршихаар төлөвлөж байгаа аж. “Бид нисэх онгоцны бүхээгт байрлуулж болох илүү үр дүнтэй, илүү хөнгөн жинтэй лазерын буу зохион бүтээхэд голлон анхаарч ажиллалаа” гэж Сиринг хэлжээ. Ийм төхөөрөмж зохион бүтээхийн тулд Пентагон ойрын таван жилийн хугацаанд 278 сая долларын санхүүжилт авах хүсэлтэй байгаа аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Папуа-Шинэ Гвинейд нисэх онгоцны ослоор 12 хүн амиа алджээ

Австралийн хойд хэсэгт орших Папуа-Шинэ Гвиней улсын баруун мужид жижиг оврын нисэх онгоц газардах үедээ осолдсоны улмаас 12 хүн амиа алдсан байна гэж Австралийн албаны хүмүүс болон хэвлэлийнхэн мэдээлжээ. “Sunbird” агаарын тээврийн компанийн нисэх онгоц Киунга нисэх буудлын буух зурвасын хажууханд байх намагт унаж сүйрсний улмаас онгоцонд сууж явсан бүх зорчигчид болон нисгэгч болох Австралийн иргэн амиа алджээ. 2000 оноос хойш Папуа Шинэ Гвинейд 20 гаруй нисэх онгоц осолдсон байна. Тус улс уулархаг бүс нутаг оршдог учраас даваа нугачаа ихтэй, зам харгуй муутай учир онгоцоор аялах нь нэлээд эрсдэлтэй байдаг аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Зика” вирус микроцефаль буюу тархи хэт жижигрэх гажиг үүсгэдэг нь нотлогджээ

1947 онд Уганда улсын Зика нэрт ойгоос анх сармагчинд илэрч өнгөрсөн онд Бразил улсад тархаж, одоогоор Америк тивийн 30 гаруй оронд  дэгдээд байгаа “Зика” вирусын халдвар нь микроцефаль хэмээх тархины гажиг болон бусад ноцтой төрөлхийн гажгийг үүсгэдэг болох нь АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /АӨХУСТ/ судалгаагаар нотлогдсон тухай анагаах ухааны “New England” сэтгүүлийн лхагва гарагийн тусгай дугаарт нийтэлсэн байна. “Энэ судалгаа нь “Зика” вирусын тархалтыг зогсоож, энэ асуудлыг шийдвэрлэхэд эргэлтийн үе ирснийг харуулж байна. Энэ вирус микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг болохыг бид нотоллоо” гэж дээрх төвийн захирал Том Фреиден мэдэгджээ.“Бидэнд олж мэдээгүй зүйл олон байгаа ч “Зика” вирус нь микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ вирус сэтгэцийн эмгэг үүсгэдэг эсэхийг одоо бид судалж байна” гэж тус төвийн захирал ярьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Лалын шашинт орнуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ

Лалын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын /ЛШОХАБ/ 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Туркийн Истанбул хотод эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтад 56 улсын төлөөлөгчид оролцох бөгөөд үүнээс 33 орон ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын түвшинд оролцох аж. 1969 оны есдүгээр сард нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд лалын шашинтнуудын эв нэгдлийг хангах зорилгоор байгуулагдан 57 орныг эгнээндээ нэгтгэдэг энэ байгууллагын үйл ажиллагаанд ОХУ 2005 оноос хойш ажиглагч орны статустайгаар оролцох болсон байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг “Шударга ёс, энх тайвны төлөөх эв санааны нэгдэл” уриан дор зохион байгуулж байгаа юм. Уулзалтын өмнө Турк, Казахстаны Ерөнхийлөгч нар хамтарсан тунхаг бичиг гаргаж, лалын шашинтнуудын эв нэгдлийг дэмжих, ЛШОХАБ-ыг лалын шашинтнуудын хувьд улс төрийн шинэ тавцан болгон хувиргахыг тус байгууллагын гишүүн орнуудад уриалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-т “Зөв монгол хүүхэд-Хүүхэд бүрийн хөгжилд” боловсролын үндэсний чуулган болно

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна.

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг  иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бүр дээр 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг сонирхсон зүйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ  бүтээлчээр  ханддаг чадварт суралцан, хөгжих боломжийг олгох зорилготой сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хоёр жилийн турш боловсруулан тохирцыг шалган сайжруулж,  2015-2016 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд 218100 хүүхэд, 7000 багш хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүрийг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмшин, шинжлэн судлах, бие даан бүтээлчээр суралцах арга барилтай  монгол  хүн, иргэн болж төлөвших боломжийг олгох зорилготой бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 26859 багш, ажилтан, удирдлага  768 сургуулийн  535055 сурагчдын хүрээнд амжилттайхэрэгжүүлэн ажиллаж  байна.

Боловсролын Үндэсний чуулганы зорилго нь  “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, бодит үр дүнг нэгтгэн дүгнэж, хүүхдийн хөгжлийн төлөөх сургууль, цэцэрлэг, бүх талын оролцоо, хамтын ажиллагааны ололт, амжилтаа тайлагнах,  харилцан суралцахад оршино.

Боловсролын Үндэсний чуулганыг  2 үе шаттай зохион байгуулахаар боловсролын салбарын  шат шатны байгууллагууд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

I шатанд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургууль, цэцэрлэгийн анги, бүлэг, багш, хүүхэд нэг бүрд, гарсан ахиц  амжилтыг бүтээлээр, тоглолт, илтгэл, видео бичлэг зэргээр тайлагнан танилцуулж, цаашдын хөгжлийн төлөвлөлт нээлттэй хэлэлцүүлгийг эцэг эх, орон нутгийн удирдлага, иргэд, төрийн болон олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагауудтай хамтран 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр сургууль, цэцэрлэгүүдэд  зохион байгуулна.

II шат нь Боловсролын үндэсний нэгдсэн чуулган 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дараах чиглэлүүдээр зохион байгуулагдана.

  • 2016.04.19-20-ны өдрүүдэд “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн тэтгэлэг гардуулах ёслол, сургалт
  • 2016.04.21-ний өдөр “Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох Улсын зөвлөгөөн” Нийслэлийн 6 дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдах ба 300 сайн хичээл үйл ажиллагаа явагдаж нэгдсэн хэлэлцүүлэг
  • 2016.04.22-23-ны өдрүүдэд 14.00 цагт “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр- Хүүхэд бүрийн хөгжилд” Эссэний аяны IV шатны хэлэлцүүлэг, нэгдсэн үйл ажиллагаа СТӨ-нд болно.

“Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох Улсын зөвлөгөөн”-ийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил  дээшлүүлэх институт  удирдан  Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн боловсролын хэлтэстэй хамтран  зохион байгуулна.

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн хувьд Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох Улсын зөвлөгөөнийг 52 дугаар сургууль дээр 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр  зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Уг зөвлөгөөнд хөдөө орон нутаг болон 9 дүүргийн 170 гаруй зочид төлөөлөгчид оролцоно.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа Дүүргийн соёлын ордонд болох ба 52 дугаар сургуулийн хичээлийн “Б” байранд  9.20-17.30 цагийн хооронд 30 багш сайн хичээл үйл ажиллагаагаа хөтлөн явуулж харилцан туршлага солилцон нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Буяндалай: ХУД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв 2015 онд нийт 60-аад төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан

Хан-Уул дүүрэг нь сүүлийн жилүүдэд хүүхдэд чиглэсэн бодитой ажлуудыг хийж байгааг уншигч та андахгүй биз ээ. Дүүргийн хэмжээнд 2014 оноос эхлэн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ удаа тус дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Б.Буяндалайтай өнгөрсөн жилд хийгдсэн ажил, ажлын чиг үүрэг, шинээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажлын чиг үүргийн талаар ярилцлагаа эхлэх үү?

Манай дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн хүрээнд 2013 онд байгууллагдсан. Дүүргийн  нутаг дэвсгэрт Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын үйлчилгээг хүргэх, хяналт шинжилгээ хийх, хүүхэд гэр бүлийн хамгаалал, оролцоог идэвхжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалан ажиллах чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн жил танай төв дээрх чиг үүргийн дагуу хичнээн арга хэмжээг зохион байгуулж, ямар тусламж үйлчилгээг иргэдэд хүргэсэн бэ?

Миний хувьд оны өмнөхөн энэ ажлаа хүлээн авсан. Өнгөрсөн жил манай мэргэжилтнүүд болон өмнөх удирдлагын хувьд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. Эдгээр ажлуудад миний бие оролцоогүй ч тодорхой хэдэн тоо баримтуудыг дурьдаж, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Хан-Уул дүүргийн ХГБХТөв 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 60-аад төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, 4000 гаруй хүүхэд, 500 гаруй гэр бүлийг нийгэм соёл, олон нийтийн үйлчилгээнд хамруулсан байна.

Зарим томоохон ажлуудаас дурьдвал, Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх арга хэмжээ, цахим тоглоомын үйл ажиллагаанд шалтгалт хийх ажлуудыг тус бүр 2 удаа зохион байгуулсан. Мөн цахим тоглоом, Сүм хийдийн мэдээлэл, судалгааны ажлуудыг тус тус хийсэн.

Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монголын Хүүхдийн ордоны салбар дугуйлангуудын явуулых хэлбэрээр ажиллуулж, зорилтот бүлгийн 130 гаруй хүүхдүүдийг хамруулсан. Энэ онд мөн үргэлжлүүлсэн дугуйланг хичээллүүлж байна.

Хан-Уул дүүргийн хувьд бусад дүүргээс нилээн онцлогтой. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хүүхэд багачуудад чиглэсэн маш олон ажлуудыг хийсэн?

Тэгэлгүй яахав. Энэ хөтөлбөр нь ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ гэсэн 2 дэд хөтөлбөртэй. Өмнөх жилүүдэд Хүүхэд хөгжил чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд маш сайн хийгдэж байгаа.  Цаашдаа хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, түлхүү анхаарч ажиллахаар зорьж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд манай төв хараа хяналтгүй,  хүчирхийлэлд өртсөн, өртөх магадлалтай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, амьдралд хандах хандлагыг нь өөрчилж өөрийнхөө нөөц боломжийг нээж, өөртөө итгэх итгэлтэй болгох үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2 төсөл бичсэн. Энэ 2 төсөл маань шалгараад төсөв мөнгөний асуудал бүрэн шийдвэрлэгдсэн.

Мөн ХУД-ийн Соёлын ордон, Good neighbors олон улсын байгууллагуудтай хамтран “Хөгжмийн боловсрол олгох” төслийг Нисэх Яармагийн бүсэд амжилттай хэрэгжүүлж 50 хүүхдийг хамруулаад байна.

Хүүхдийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг гэж сонссон. Чуулганаар яригдсан хүүхдүүдийн санал санаачлагыг хэрхэн ажил хэрэг болгодог вэ?

Манай дүүрэг Хүүхдийн чуулганаа амжилттай зохион байгуулсан. Чуулганд 19 сургуулийн 190 гаруй хүүхэд оролцлоо.  Хүүхдүүдээс гарсан санал санаачлагыг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Засаг даргад өргөн барьсан. Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн хууль зүйн хороогоор хэлэлцэж яригдсан асуудлуудыг хүүхүүдэд ээлтэй, өгөөжтэй талаас нь шийдвэрлэхээр ажилладаг. Энэ үеэр сургууль болгон сэтгэлзүйчтэй болох зайлшгүй шаардлагатай байна гэдгийг бараг бүх сургуулийн төлөөлөл хэлж байсан.  Энэ асуудлыг дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Хүүхдийн зөвлөлтэй хэлэлцээд, эхний ээлжинд ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч чиглэлээр давтан сургалтанд хамруулахаар болсон.

Энэ жил өмнөх онуудад хийж хэрэгжүүлж байсан ажлуудаас шинэлэг ямар ажил хийгдэх вэ?

Энэ жилийн хувьд Монголд анх удаа хэрэгжиж байгаа. Энэ бол хүүхэд харах үйлчилгээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 2-4 настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулахаар болсон. Улсын хэмжээнд нийт 10 мянга орчим хүүхэд хамрагдана. Сангийн Яамнаас квот тогтоож өгсөн. Үүнд манайх 245 хүүхэд хамруулах квот авсан. Нэг хүүхэд асрагч 5 хүүхэд харах боломжтой. Ингэхээр 49 хүн ажиллах боломжтой болно. Манайх 3 удаагийн сургалтаар 106 хүн бэлтгэсэн. Үлдсэн сургалтанд хамрагдсан хүмүүс маань бусад дүүрэгт ажиллах боломжтой байгаа.

Мөн энэ онд Хүүхдэд зарцуулж байгаа хөрөнгийг хамгийн үр дүнтэйгээр зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэхэд анхаарч ажиллана. Ингэхдээ дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамж, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй уялдаа холбоотой ажиллахаас гадна төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Парисын халдлагад холбоотой зэвсгийн наймааны сүлжээний удирдагчийг баривчилжээ

Парис хотын еврейчүүдийн супермаркетэд 2015 онд халдлага үйлдсэн этгээдэд зэвсэг худалдсан хэрэгт сэжиглэгдэж байсан 27 настай Францын иргэн Антуан Денивийг Малага боомтод байхад нь баривчилсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-9-нд Парист халдлага үйлдсэн гурван этгээдийн нэг болох Амеди Кулибалиг зэвсгээр хангаж байсан зэвсгийн наймааны сүлжээг Антуан Денив удирддаг байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм. Тэрбээр цагдаа нараас зугтаж, халдлага болсноос долоо хоногийн дараа хуурамч бичиг баримт ашиглан Францаас гарч, Малага боомтод очиж хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан аж. Түүнийг баривчлах үед хамт байсан Серби болон Монтенегро-гоос ирсэн хоёр хүнийг мөн баривчилсан бөгөөд Сербийн иргэн түүнд буу сум олж авахад нь тусалдаг байсныг бид тогтоосон гэж Испанийн цагдаагийн газар мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭЕШ-ын хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгджээ

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл 2016 оны хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэлж, энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг нийт  36200 хүүхэд төгсөх бөгөөд өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 39-40 мянга орчим хүн шалгалтад орох тооцоо гарсан. ЭЕШ-ын бүртгэл 80 хувьтай байгаа аж. Үлдсэн хугацаанд 15 мянга 700 орчим хүүхэд бүртгүүлэх юм. Ирэх сарын 15-наас хойш БҮТ-ийн www.eec.mn сайтаас суудлын хуваарийг үзэх боломжтой. Суудлын хуваарь гэдэг нь тухайн шалгуулагчийн шалгалтын байранд аль ангид, хэд дугаартай суудалд шалгалт өгөх вэ гэсэн хуваарийг зааж өгч байгаа юм. Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх бөгөөд өнгөрсөн жил хоёр удаа авч байсан бол энэ жил нэг удаа авна. Энэ нь монгол хэл бичгийн шалгалтыг 400-аас дээш оноо авч байж ЭЕШ-ын оноо нь хүчинтэй болж их, дээд сургуульд элсэх боломжтой болно гэсэн үг. Хоёрдугаарт монгол, орос, англи хэлний шалгалтын агуулгад шалгуулагчийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулж байгаа. Үүнтэй холбоотой шалгалт авах анги танхимуудыг сонсох даалгавар авахад зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байгаа тухай Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат ярьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орос-Хятадын худалдаа нэмэгджээ

Энэ оны нэгдүгээр улиралд Орос, Хятад хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны үеийнхээс 3.6 хувиар өссөн үзүүлэлт гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газрын төлөөлөгч Хуан Шөнцян мэдээлжээ. 2015 онд бараг гуравны нэгээр буураад байсан хоёр улсын худалдааны хэмжээ энэ онд өсөх төлөвтэй байна гэж Хятадад суугаа Оросын худалдааны төлөөлөгч өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Гаалийн мэдээллээр бол, БНХАУ-аас ОХУ-д экспортолж буй барааны хэмжээ энэ оны эхний улиралд 6.2 хувиар нэмэгдсэн байна. Харин ОХУ-аас Хятад руу хийж буй экспорт 1.1 хувиар нэмэгджээ. Хятадаас Орос руу хийж байгаа экспортын дийлэнх хувийг цахилгаан болон хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүн эзэлж байгаа бол Хятадын тал ОХУ-аас голдуу нефть, нүүрс, төмрийн хүдэр болон түүхий эд импортолж байгааг Шөнцян онцлов. Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 2014 оныхоос 28.6 хувиар буурсан байна. Харин 2013-2014 оны хооронд хоёр улс хоорондын худалдаа 6.8 хувиар өсч байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“АТЛЕТИКО”, “БАРСЕЛОНА”-г хожиж аваргуудын лигийн хагас шигшээд үлдлээ

Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Мадридын “Атлетико” Каталаны “Барселона”-г хожиж хагас шигшээд үлдлээ.

Тоглолт 2:0-оор дууссан. Залуу хагас хамгаалагч Антуан Гризманн 36, 88 минутад хоёр гоол оруулж багаа ялалтад хөтөллөө.Эхний тоглолтонд “Барселона” өөрийн талбайдаа 2:1-ээр хожсон ч “Атлетико”-гийн талбайд гоол хийж чадсангүй ийн хожигдлоо. “Барса”-гийн супер гурвал тэр дундаа Мессигийн гоол хийгээгүй тоглолт улам л олширсоор байна

Хагас шигшээгийн сугалаа дөрөвдүгээр сарын 15-нд явагдана.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Турк улстай байгаль орчны салбарт хамтран ажиллана

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өчигдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н. Батцэрэгтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайд Мурат Карагөз Турк Улсын Ой, усны яам нь Монгол Улстай цөлжилт, ойжуулалт, био-төрөл зүйл, усжуулалт, хөрсний нөхөн сэргээлт болон зэрлэг байгалийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй бөгөөд ажлжж эхлэхэд бэлэн болохыг дурдав. Мөн Турк Улсын Байгаль орчин, хотжилтын яамнаас Монгол Улсад хүргүүлсэн “Байгаль орчны салбарт хамтарч ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах талаар монголын талын албан ёсны байр суурийг асуулаа. Элчин сайд Мурат Карагөз хоёр улсын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх зорилгоор ирэх 5 дугаар сарын сүүлээр эсвэл 6 дугаар сарын эхээр Туркийн аялал жуулчлалын баг Монгол Улсад судалгааны айлчлал хийх хүсэлтэй байгааг дурдсан байна. Сайд Н. Батцэрэг Туркийн Засгийн газрыг Монгол Улстай байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад нээлттэй хандаж буйд таатай байгаагаа илэрхийлэн Туркийн талд хамтын ажиллагааны чиглэлээр санал хүргүүлэхээ амлаад, нэр дурдсан санамж бичгийг ирэх 5 дугаар сарын дундуур Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хамтарсан эдийн засгийн хороо”-ны хурлын үеэр үзэглэх боломжтой болохыг илэрхийллээ. Талууд энэ сарын 22-29-ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулах 3 дахь удаагийн Туркийн соёлын өдрүүд арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танилц “Бүү март”

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсаны ажил амьдрал болон БНМАУ-ын улс төр нийгмийн амьдрал  1970 – аад оноос хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсан хийгээд ардчилсан хувьсгал ялж нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн шилжилтийн үе буюу 1996 он хүртлэх   30 гаруй жилийн түүхийг харуулсан “Бүү Март” УСК дөрөвдүгээр сарын 15-наас бүх кино театраар үзэгч олны хүртээл болоход бэлэн боллоо. Тухайн кинонд гарах түүхэн дүрүүдийг бүтээсэн жүжигчдийг бодит хүмүүсийн зургуудтай нь харьцуулсныг хүлээн авна уу.

бүү март 2 бүү март 3 бүү март 4 бүү март 5 бүү март 6 бүү март 7 бүү март 8 бүү март 9 бүү март 10 бүү март 11

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргыг ажлаас нь чөлөөлжээ

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан хэмээн эмч нарын гаргасан гомдлын дагуу Зэвсэг хүчний жанжин штабаас түүнийг шалгаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Гэхдээ хурандаа С.Элбэгжаргалын эл асуудлаар АТГ-т гомдол, мэдээлэл ирээгүй байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бичил уурхайчдын оролцоотой эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийжээ

Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг ашигласнаар эвдэгдсэн газрууд сэргэж эхэлжээ. Энэ тухай Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах семинараар хэлэлцэж байна. Бичил уурхайчид эвдэгдсэн газар нутгийг сэргээхэд гар бие оролцох нөхцлийг “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь 2” төсөл бүрдүүлж тус ажлыг хүрээнд гар аргаар ашигт малтмал олборлосны  улмаас эвдэрч, орхигдсон 144 га газрыг сэргээж моджуулжээ.  Тодруулбал, 2014-2015 онд есөн аймгийн 17 газарт 650 гаруй бичил уурхайчдын оролцоотой нөхөн сэргээлт хийсэн байна. Уг төсөл нь  бичил уурхайчдын байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид тодотголоо. Азийн сангийн Байгаль орчны төслөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр дээрх төсөлд  2014 онд  170 мянга гаруй  ам. доллар, 2015 онд 180 мянган ам. доллар зарцуулсан.  2016 онд Орон нутагтай хамтран санхүүжилт босгож байгаль орчныг  нөхөн сэргээх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа