Өнөөдрийн /2023.10.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзоригийг танилцуулснаар үргэлжиллээ.
Түүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, … Ерөнхийлөгч томилно. …”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг танилцуулсан болно.
Дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явц, тухайн нэр дэвшигч шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангаж буй эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх, ажиллах орчин нөхцөл, шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааны талаар баримталж буй бодлогын талаар, Монгол Улсын Их Хурлаар 2021 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэг мөр хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар тус тус асуулт, асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа хүн ам, газар нутаг, шүүгчийн ажлын ачааллыг харгалзан тойргийн шүүх байгуулж болох үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсон шүүгчийн сул орон тоог нөхөх асуудалд анхаарч, Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн болно гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг парламентаар сонгож буй нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх эсэх талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр хорих ял эдэлж буй хүмүүс хэр хүмүүжиж байна вэ, хүүхэд хүчирхийлэлийн гэмт хэрэгтэнг магадлангаар оруулж, чөлөөлөгдөж байна. Үүнийг хэрхвэл зохилтой вэ гэх зэрэг асуулт асуув. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон нэр дэвшигч Н.Батзориг асуултад хариулсан. Тэд, шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байна. Сонгуулийн зарчмаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны гишүүдийг сонгох нь дотоод ардчиллыг бэхжүүлэх, өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Шүүгч бус гишүүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгох нь олон улсын жишигт нийцэж байгаа хэмээн хариулав. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн тохиолдолд магадлангаар оруулах, эс оруулах талаар тусгайлсан зохицуулалт байхгүй, харин гэмт хэргийн ангилал, засан хүмүүжсэн цаг хугацаа зэргээс хамаарч магадлангаар оруулах эрх зүйн зохицуулалтай хэмээн нэр дэвшигч Н.Батзориг хариулав. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан горимын санал гаргав. Тэрбээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөн болон томилох хоёр сайдын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хүсэлтийг уламжилав. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий сайдын хүсэлтийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр дэвшигчийг сонгох асуудлыг түр хойшлуулахаар болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын УИХ-ын нэгдсэн хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно. Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье гэх зэргээр улс орны болон нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр цааш нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилохоор танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв. Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо. Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ. Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байна. Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна гэв. Ерөнхий сайдын танилцуулагатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийслэлийн тулгамдсан асуудал болох газрын наймаа, авлига хээл хахуулийг зогсоох талаар хэрхэн ажиллах, нүүрсний хулгайн сонсголыг өргөн хүрээнд зохион байгуулахад ямар санал байгаа талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Монгол Улсын шүүхийн шийдвэргүй баривчилгаа 99 хувьтай байна гэж НҮБ-ын хүний эрхийн индэр дээрээс ярьж байна. Энэ асуудлыг яаж зогсоох вэ, бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэгтний ялыг хүндрүүлэхэд хэрхэн ажиллах, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудыг хэзээ хэлэлцэх вэ зэрэг асуултыг асуув. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр, газрын хууль бус үйлдлийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн дэмжлэг чухал байгааг онцлоод хууль дунд шатандаа очоод замхардаг байдлыг зогсооход анхаарч ажиллах тухай хариулаад, улмаар төрийн байгууллагууд газраа зардаг байдлыг цэгцлэх чиглэлээр УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас энэ хууль батлагдвал олон асуудал цэгцэрнэ гэв. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямбаатар, яамны бодлогын асуудал учраас миний бие хариуцаж ажилласны хувьд хариулах ёстой гээд зарим асуултад хариулсан. Тэрбээр, ХЗДХ-ийн яамны сайдаар миний бие 3 жил 3 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд 60 хуулийн төсөлд ажиллаж, 27 хуулийг УИХ-ын чуулганаар батлуулан хэрэгжүүлж байна. Хэлэлцүүлгийн шатанд 13 хууль явж байна. Дараагийн сайдад үлдсэн 20 хуулийг хүлээлгэн өгнө. Хүний эрхийн үндэсний комиссын нэр бүхий гишүүд олон нийтэд төөрөгдөл учруулж байна. Хүний амь нас хөнөөсөн, эд зүйл хулгайлсан, хүчиндсэн гэмт этгээдийг цагдаагийн эрх бүхий ажилтан газар дээр нь таслан зогсоож, прокурорын байгууллагад мэдэгдээд 48 цагийн хугацаатай баривчилдаг. Гэтэл энэ үйлдлийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна хэмээжээ. Гэр бүлийн тухай болон Хүүхэд хамгааллын хуулиуд удахгүй хэлэлцэгдэнэ гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүүхдийг хамгаалах тэр дундаа хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан нэгж, тасаг байхгүй учраас энэ талд анхаарч ажиллахыг сануулаад гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрх зүйн туслалцааг үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хүүхэд хамгааллын асуудал хүчтэй сөхөгдөн яригдаж байна. Орон нутагт гэлтгүй гэмт хэрэгтэй тэмцэхэд камержуулах ажлыг дэмжиж ажиллах нь зүйтэй. Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах талд санал нэг байна. Шүүх шударга бус байна, албан тушаалтнуудад ээлтэй, ард түмэнд хатуу хандаж байна гэж яригдах боллоо. Энэчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд мэдрэмжтэй, шийдвэртэй ажиллах талаар нэр дэвшигч Б.Энхбаярт хэлсэн байгаа гэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, О.Цогтгэрэл, Д.Адьшаа нарын гишүүд нэр дэвшигчдэд хандаж, нийслэлийн тулгамдсан асуудал болон хууль, шүүхийн шударга бус байдалтай хийх тэмцэлд өөрчлөлт гаргахыг хүссэн. УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Түүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөллөө.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналтай танилцаж дууссаны дараа шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
